Умард Солонгосын итгэл хүлээсэн Хятад улс Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгоход нөлөөгөө ашиглана гэдэгт Япон улс найдаж байна гэж Японы ерөнхий сайд Абэ Синзо 4-р сарын 16-нд парламентад үг хэлэхдээ мэдэгдэв. «Дэлхийн хамтын нийгэмлэгт Хятад улс БНАСАУ-д бусдаас илүү их нөлөөлж байна. Тус улс БНАСАУ-ыг зөв замд шилжүүлэх тухайлбал цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцыг сэргээх, пуужинг хөөргөхөөс татгалзахад нөлөгөө ашиглана гэдэгт найдаж байна» гэж тэрээр хэлэв.

АНУ-ын эрх баригчид үүнээс нэг долоо хоногийн өмнө адилхан мэдэгдэл хийсэн билээ. «БНХАУ-аас БНАСАУ-д нөлөө үзүүлж мэдэх асуудлаар зөвлөлдөж байна. Эл асуудлыг Москватой ч хэлэлцэж байна. Эдгээр хоёр улс БНАСАУ-д үзүүлж байгаа нөлөөгөө байдлыг тогтонги болгох, Пхеньяниэс олон улсын өмнө авсан үүргээ биелүүлэх зорилгоор ашиглана гэдэгт найдаж байна» гэж Цагаан ордны төлөөлөгч Жей Карни мэдэгдэв. Хожмын өдөөн хатгалгаас сэрэмжлэхийн тулд БНАСАУ-ыг тогтоон барихад нөлөөхийг Өмнөд Солонгосын засгийн газраас Орос, Хятад улсуудад уриалсан юм.

Хөрш орнуудыг айлган сүрдүүлж шуугиан дэгдээсэн Умард Солонгос сүүлийн үед ХМХ-ийн анхаарлын төвд байсаар байна. Япон, АНУ, Өмнөд Солонгос гурав өөрсдийгөө хамгаалах замаар зохих алхам хийсэн боловч эдгээр сүрдүүлэг үнэн чанартаа хэрэгжихгүй хэмээн үзсэн гэж Алс Дорнодын хүрээлэнгийн Японы судлалын төвийн удирдагч Валерий Кистанов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Ёс төдий сүрдүүлэг байгаа бололтой.Гадаадынхан БНАСАУ-аас яваагүй. Элчин сайдын яаманд ажилласаар байна. Бардам үг яриа гэдгийг бараг бүгд ойлгосон. Хэлэлцээ хийхээс өөр арга алга. Юу гэвэл мухардмал байдалд орсон дэглэм ямар ч ажиллагаа явуулахаас буцахгүйд хүрч мэднэ. Энэ нь холгүй орших бидэнд аюултай. Үнэхээр бид Хятад улстай хамт Ким Чен Унд нөлөөлж мэднэ.

Харин Орос улс, Өмнөд Солонгос биш Хятад улсаас л БНАСАУ-д нөлөө үзүүлж чадна гэж японы шинжээчид санал нэгтэй үзэж байна. Гэвч Хятад улс ч өөрийн сонирхолтой байна. Мэдээжээр Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй болгохыг сонирхохгүй байна. Харин Умард Солонгосын дэглэмийг хэвээр байлгах нь Хятадад ашигтай. Хоёр Солонгос улсыг нэгтгэх нь Хятадад шууд заналхийлэх хэрэг болж мэднэ» гэв.

Солонгосын хойгт гарах цэргийн мөргөлдөөн буюу умард солонгосын дэглэм дампуурах хэрэг явдал бүс нутгийн улс төр, эдийн засгийн байдалд аюул учруулах юм. Өөр нэгэн хүчин зүйлийг дурдая. Дэлхийн гүрэн улсын статустай Хятад эдийн засаг төдийгүй улс төрийн үр нөлөө үзүүлэх төв болохыг хичээж байна.

Түвэг бэрхшээл тулгарсан холбоотнуудаа хяналтад авах нь мөн замаар хийх чухал алхам мөн. Өөрөөр хэлвэл Умард Солонгосоос өдөөн хатгах ажиллагаа ахин явуулвал Хятад «шийтгэж» мэднэ. Тус улс арга хэмжээгээ нийт олонд зарлахгүй байж болно. Харин тэр БНАСАУ-ын хувьд эмзэг арга хэмжээ болох нь дамжиггүй.