Бостоны марафон гүйлтийн үеэр дэлбэрэлт хоёр удаа үйлдснээс хойш АНУ-ын томоохон хотуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгав. Террорын эсрэг хүчнийг Нью-Йоркын гудамжуудад гаргав. Жуулчдын сонирхох газарт гойд анхаарал тавьж байна. Командлалын шуурхай цэгүүд гудамжуудад ажиллаж байна. Манай сурвалжлагч Роман Мамонов АНУ-аас уламжлахдаа:

Бостоны марафон гүйлтийн үеэр террорын ажиллагаа явуулсан гэж цагдаагийн газраас наанадаж нэгэн этгээдийг сэжиглэж байна. Тусгай анги салбарынхан Бостоны дүүрэгт түүний гэрт нэгжлэг хийж байна.

Энэ нь эмгэнэлт хэрэг явдал болсон газрын дэргэд дэлбэрэлтээс хэдхэн минутын өмнө харагдсан хар арьстан залуу юм. Хэлмэгдэгсдийн тухай шинэ мэдээ ирээд байна.

176 гаруй хүн нэрвэгдэж, 3 хүн амь үрэгджээ. Эмч нарын мэдээлснээр 8 настай жаал хүү амь үрэгдэгсдийн дотор байна. Хориод хүүхэд шархджээ. 16 хүний бие маш муу, 25 хүний бие хүнд байна. Олонхийг бөмбөгийн хэмхэрхий тусч шархдуулжээ. Тэсрэсэн бөмбөгүүд дотроо бэртээж шархдуулах хэрэгсэлтэй байсан аж. Массачусетс муж улсын эмнэлгийн мэс засалч Питер Фейгенхольд хэлэхдээ

«29 өвчтөнийг манай эмнэлэгт хэвтүүлэв. Одоо 8 хүний бие маш муу байна. Олонхи нь ноцтой бэртсэн байна. Дэлбэрэлтээс хойш 15 минут өнгөрсний дараа хүнд шархдсан хүмүүсийг авчирсан. Маш олон хүний бие муу байгааг тэр үед бид мэдэхгүй байсан» гэв.

Гүйлт барианд орох бүст байрлуулсан хэдэн телевизийн камерт дэлбэрэлтийн үе мөч тусгагджээ. Дэлбэрэлт гэхэд марафон гүйлтэд оролцсон 24 мянган хүний олонхи нь ийм хол зайг давж дуусан билээ. Бөмбөг хөгжөөн дэмжэгчдийн тавцанд тавьсан нь зургуудад тусгагдав. Эхлээд хүчтэй биш, дараа нь илүү хүчтэй дэлбэрэлт болжээ. Үзэгч олон мэгдэн сандарч шахалдав. Бараг хагас сая хүн мөн гүйлтийг сонирхож Бостонд цугларсан билээ.

Нэг ч бүлэг хэрэг явдлыг өнөө болтол хариуцаагүй байна. Террорын ажиллагаа чухам хэн явуулсныг эрх баригчид мэдэхгүй байна. Барак Обама улс үндэстэндээ хандан үг хэлж, гэмт хэрэгтнүүдийг шийтгэнэ гэж амлаад

«Муж улсуудад хүмүүсийг хамгаалахын тулд холбооны засгийн газрын бүх нөөц боломжийг ашиглаж, улс даяар аюулгүй бадлын арга хэмжээг чангатгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулах тушаал өгсэн. Бүх асуултад өгөх хариу бидэнд үгүй. Маш олон хүн шархдсан. Заримы нь бие маш хүнд байна.

Бүх баримтыг илрүүлж мэдтэл яаралтай дүгнэлт хийх хэрэггүй. Гэвч бид гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олно. Террорын ажиллагаа явуулсан ямар ч бүлэг эсвэл хүмүүсийг хууль ёсоор хатуу шийтгэнэ» гэв.

Марафон гүйлтэд оролцсон оросын 19 иргэний менежер Андрей Баранов «Орос улс-24» телевизийн сувагт өгүүлэхдээ

«Хэдхэн секундийн дотор хоёр удаа тас хийснийг сонссон. Эхлээд галын наадам байх гэж бодсон. Хэдхэн минутын дараа цагдаагийн машины дохио чимээ зочид буудлын цонхны дор сонсогдов. Хожим юун болсныг мэдээнээс мэдсэн. Мэдээжээр айж эмээсэн.

Одоо зочид буудлыг бүрэн хааж, биднийг гаргахгүй байна. Онгоцны нислэгүүдийг хойшлуулсан гэнэ. Байдлаас харахад эндээс холгүй орших төмөр замын өртөөг бас хаасан байна» гэв.

Бостонд дэлбэрэлт үйлдсний дараагаар үрэн холбоог хэсэгчлэн салгажээ. Бөмбөгүүдийг гар утсаар ажиллуулсан гэж тааварлажээ. Бостоны олон улсын нисэх онгоцны буудлыг бас хаасан юм. Одоо марафон гүйлтийн үеэр үйлдсэн дэлбэрэлтүүд Жон Кеннедийн номын санд болсон будлиантай холбототой үгүйг мэдэхийг эрх баригчид оролдож байна. Номын санд түймэр гарсан хийгээд хүмүүс хэлмэгдсэнгүй.