Москва, Вашиннгтон хоёр БНАСАУ-ыг тойрон үүссэн хямралыг зохицуулахад чиглэгдсэн хамтын дипломат хүчин чармайлтаа зузаатгаж байна. Өчигдөр Кремльд оросын албаны хүмүүс АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Томас Донилонтой уулзаж эл сэдвийг авч үзэж хэлэлцлээ. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мөн уулзалтад нэг үе нэгдсэн байна.

Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжаах зорилгоор хамтран ажиллах боломж байна гэж Москва,Вашингтон хоёр үзэж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдлээ. Орос улс эл асуудлаар АНУ-тай хамт идэвхтэй ажиллахад бэлэн байгааг тэрээр батлав.

Үүний өмнө эдгээр хоёр улсын гадаад улс төрийн тусгай газруудын тэргүүн Сергей Лавров, Жон Керри нар Пхеньянд хандан НҮБ-ын тогтоолыг нарийн чанд мөрдөж, шинэ өдөөн хатгах ажиллагаа явуулахаас түдгэлзэхийг уриалсан билээ. Тухайлбал дунд зайны тусгалтай баллистик пуужинг турших, цөмийн 4 дэх туршилт хийхээс түдгэлзэхийг уриалав.

Москва, Вашингтон хоёр эдгээр асуудлаар уулзалт яриа хийж байгаа нь бүс нутгийн түгшүүртэй байдлыг намжаахад тус дөхөм үзүүлнэ гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Ким Чен Уны үйл ажиллагаа Зүүн-хойд Азид зэвсэглэлээр хөөцөлдөхөд тухирч байна. Учир нь АНУ-аас умард солонгосын пуужингийн цохилтоос сэрэмжлэхээр ПДХ системээ өргөжүүлэх аль ч арга хэмжээнд Хятад хариу өгнө. Энэ агуулгаар харилцан найр тавих, харилцан ажиллах гэсэн ямар ч оролдлого ашиг тустай болно.

Эдүгээ дэлхийн хамтын нийгэмлэгийн шаардлагыг биелүүлэхэд Ким Чен Уныг албадах зорилгоор шахалт үзүүлэх асуудлаар харилцан найр тавих арга замыг эрэж байна» гэв.

Үүний хамт АНУ эл асуудлаар БНАСАУ-д илүү хүчтэй шахалт үзүүлэхийг БНХАУ-аас шаардаж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. Бэжингээс Пхеньянд нөлөө үзүүлэхгүй бол байдал даамжирч мэднэ гэж тэрээр үзэж байна. Хятад улсаас Солонгосын хойгийн хямралыг зохицуулахад илүү их нөлөө үзүүлнэ гэдэгт Япон улс найдаж байна гэж 4-р сарын 16-нд Японы ерөнхий сайд Синзо Абэ мэдэгдэв.

Хятад улс БНАСАУ-ыг зөв чиг замд шилжүүлж мэднэ гэж тэрээр үзэж байна. Тухайлбал, БНХАУ Пхеньянийг пуужингаа хөөргөхөөс татгалзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцээ хийж эхлэхэд албадах боломжтой гэж үзсэн юм.

Пхеньян пуужин-цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал Токио яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихида Суги мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Өмнөд Солонгосын удирдлага БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Гэвч Пхеньян мөн саналыг «зальт арга ажиллагаа» хэмээн үзэж, «яриа хэлэлцээ хийх нь ор үндэсгүй үйл хэрэг» гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгост хүчтэй цохилт өгнө гэж өчигдөр Пхеньян ахин сүрдүүлэв. Сөүлд хэсэг идэвхтэн БНАСАУ-ын түрүүчийн ба өнөөгийн удирдагчдын хөрөгүүдийг шатаасан будлиан ийнхүү сүрдүүлэх шалтгаан болов. Ийм будлиан урьд өмнө ч гарч байсныг Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов дурдаад

«Энэ удаагийн сүрдүүлэг түгшүүртэй байдлыг даамжруулах уршигтай болохгүй гэж найдаж байна. Умард Солонгост Өмнөдийн урьдын ерөнхийлөгч Ли Мен Бакын мануухайг шатааж байсан юм. Харин Ли Мен Бак л эрх барьж байсан үед Өмнөд Солонгост удирдагчдын хөрөгүүдийг буудах, жадлах бай болгосон» гэв.

Ийм дайсагнах ажиллагаа явуулсантай холбогдуулан уучлал гуйхыг БНАСАУ Өмнөд Солонгосоос шаардав. Сөүл тулгасан шаардлагыг няцаав. Үүний хамт ямар ч өдөөн хатгах ажиллагааны хариуд хатуу арга хэмжээ авна гэж Өмнөд Солонгосоос Пхеньянд анхааруулсан юм.