Умард Солонгос НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг үл тоон шууд зөрчсөн хэрэг явдлыг хүлцэж үл болно гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. БНАСАУ цөмийн шинэ туршилт хийж, баллистик пуужингаа хөөргөж болзошгүй гэсэн мэдээллийг сайд ингэж тайлбарлан хэлжээ. Москва Солонгосын хойгийн байдлыг хэвийн болгохын төлөө хатуу тууштай тэмцэж байна гэж Сергей Лавров батлан илэрхийлэв.

Умард солонгосын асуудлыг шийдвэрлэх талаар Орос улс идэвхгүй байна гэсэн үг яриаг ОХУ-ын ГХ-ийн сайд няцаав. Москва БНАСАУ, АНУ, Япон, Өмнөд Солоногос зэрэг улстай хамтран ажиллаж, «тайван» дипломат ажиллагаа явуулж байна. Түүнчлэн хөрш Хятад улстай үйл ажиллагаагаа нягт уялдуулан зохицуулж байна гэж Сергей Лавров тайлбарлан хэллээ.

Орос, Хятадын байр суурь Солонгосын хойгийн байдлыг зохицуулахад чухал ач холбогдолтой гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни мэдэгдлээ. Москва, Бээжин хоёр байдлыг адгийн муу хувилбараар даамжруулахаас сэрэмжлэхийн тулд Пхеньяньд нөлөө үзүүлж мэднэ гэж Вашингтон найдаж байна. Өөрийн зүгээс Сөүл Хятад, Орос улсуулад хандан БНАСАУ-ыг хазаарлан тогтоох хүсэлт тавьжээ.

Солонгосын хойгт одоогоор сэтгэл зүйн дайн гаарч байна. АНУ, Өмнөд Солонгосын өдөөн хатгах ажиллагааны хариуд дайн удахгүй хийж эхлэнэ гэж Пхеньян дэлхийг айлган сүрдүүлэхийг оролдож байна. Энэ нь үнэн хэрэг дээр болох хэрэг явдал юм уу? Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн солонгосын судлалын хөтөлбөрийн захирал Георгий Толорая хэлэхдээ

«Дайсагнах бодлого явуулж байгаа хоёр орон дайн хийхгүй гэж бодож байна. Дайн өөрий нь дэглэмийг төдийгүй БНАСАУ-ыг сөнөж мэдэхийг Ким Чен Ун сайн ойлгож байна. Мэдээжээр тэрээр байлдан дайтахыг зүрхлэхгүй. АНУ ч Өмнөд Солонгос ч өргөн цар хүрээтэй ноцтой мөргөлдөөн өдөөх сонголт хийхгүй. 1-рт дайн хийх нь дэлхийн эдийн засагт их хохирол учруулна. 2-рт талууд өргөн хүрээтэй мөргөлдөөн өдөөхэд бэлэн биш байна» гэв.

Гэвч Пхеньян дайнч үг яриагаа чангатгаж байна. Өмнөд Солонгос, АНУ хоёр цэргийн ажиллагаагаа идэвхжүүлэв. Энэ нь өөрийг нь өдөөн хатгах хэрэг гэж Умард Солонгос үзэж байна. Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн солонгосын судлалын төвийн удирдагч Александр Воронцов үүнд анхаарлыг хандуулан хэлэхдээ

«Тал бүр өөрийн ажиллагааг батлан хамгаалах, хожмын түрэмгийлэгчийг тогтоон барих зорилготой мэтээр харуулж байна. Харин нөгөө тал үүнийг өөрөөр ойлгохыг харгалзвал зохино. АНУ тив хоорондын пужингаа ахин туршахаас түдгэлзсэн нь зөв чиг замаар хийсэн алхам мөн. Ерөнхийлөгч Владимир Путин Ганноверт хэлсэн үгэндээ мөн алхамыг зүй ёсоор үнэлэв. Энэ нь тэсвэр тэвчээртэй байхад бэлэн байгаагаа дохиолсон үйл хэрэг юм. Бүх талаас ийм алхам хийгээсэй» гэв.

Гэвч БНАСАУ баллистик пуужингаа хэзээ ч хөөргөхэд бэлэн байна гэж өнөөдөр өмнөд солонгосын эх сурвалжаас мэдээллээ. АНУ,Өмнөд Солонгосын тагнуулын мэдээ баримтуудаас харахад түүнийг БНАСАУ-ын зүүн эрэг хавьд тээвэрлэж, тавцан дээр байрлуулжээ. БНАСАУ-ын баллистик пуужин бараг 3500 метр тусгалтай болохоор АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч мэднэ.

АНУ буюу түүний холбоотнууд руу онилон чиглүүлсэн умард солонгосын ямар ч пуужинг амдан сөнөөхэд бэлэн байна гэж Пентагон мэдэгдэв. Үүний хамт өнөөдөр АНУ, Өмнөд Солонгос хоёр Умард Соллонгосыг хамтран ажиглах тагнуулын ажиллагаагаа урьд үзэгдээгүй түвшинд гаргажээ.

 Гэрэл зураг