Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид та бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25, радио “Оросын дуу хоолой”, Монгол хэлний редакцид гэж хаяглаж ирүүлнэ үү?

Орос улсад урин хавар айлчиллаа. Цаг агаар аажимдаа дулаарч, өдрийн урт улам тавигдсаар байна. Хаврын улирал эхлэхийн хамт манай сонсогчид морин уралдааны тухай сонирхож байна. Энэ тухай ярьж өгөхийг Дархан хотоос бидэнд захидал ирүүлсэн Цэрэн хүсчээ. Тэр захидалдаа:

Сайн байцгаана уу? Танай нэвтрүүлгийг би байнга сонсдог. Нэвтрүүлгийн “Манай шуудангийн хайрцаг” булангийн нэгэн дугараар Орос улсын морин тойруулгын тухай ярьж байсныг тодхон санаж байна. Би мал малладаг, тэр дундаа морь уядаг тул надад энэ сэдэв үнэхээр сонирхолтой байна. Орос улсад ямар үүлдэрийн морьд үржүүлдэг тухай ярьж өгнө үү?”гэжээ.

Бидэнд хандаж захидал ирүүлсэн Цэрэн танд их баярлалаа. Одоо таны сонирхсон асуултанд хариулъя. Олон оронд морины аж ахуй хамгийн их дэлгэрч байна. Орос улсад ч мөн адил. Одоо манай улсад морь үржүүлэх заводууд, морин тойруулгууд болон морин аялалын фирмүүд шинээр нээгдэж байна. Орос улсад нилээд хэдэн төрлийн үүлдрийн морьд үржүүлдэг. Тэдгээрээс печорын, мезены, обвинскийн,вятскийн болон владимирын үүлдэрийн морьд илүү нэртэй байдаг. Гэхдээ Оросын бахархал бол 237 жилийн түүхтэй Орловын үүлдрийн морьд юм. Орловын хурдан морьдыг анх төрийн болон цэргийн зүтгэлтэн, Алексей Орловын гүн байгуулсан бөгөөд түүний нэрээр нэрлэх болсон юм. Орловын хурдан хөлөг нь бие томтой, тэсвэртэй бас их сайхан мөртлөө, цаг агаарын янз бүрийн нөхцөлд унаа ачлагад хэрэглэн боломжтой. Орловын хүлэг нь Орос улсын дараа Европын бусад улсад нэрд гарсан юм.

Эрхэм сонсогчид оо! Бид та бүхэнд оросын “Монголын анд нөхдийн нийгэмлэг” байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан уралдаан үргэлжилж байгаа гэдгийг сануулъя. Саяхан бид Чойбалсан хотын орос хэл сонирхогчдын “Матрешка” клубын захирал Ольга Шабоновагаас захидал авлаа. Тэр захидалдаа :

«Сайн байцгаана уу? “Оросын дуу хоолой” радиогийн хамт олон та бүхний амар амгаланг айлтгая. Би Монгол улсад байнгын оршин суудаг. Орос хэлний коллежийн багшаар ажилладаг. Энэ жил Дорнод аймгийн Чойбалсан хотод орос хэл сонирхогчдын “Матрёшка” клубыг байгуулсан. Клубт ирсэн хэн бүхэн орос хэл, соёл, уламжлал, ёс заншил, оросын түүхээс илүү мэдэж авах боломжтой. Одоогийн залуучууд нь Орос-Монголын хоорондын харилцааны түүхийг муу мэддэг. Клубын үйл ажиллагаа монголчуудад Орос улсын тухай олон сонирхолтой зүйлийг мэдэж авах, орос хэл сурч, дараа нь Орос улсад үргэлжлүүлэн суралцахад тус болно. Бямба гаригуудаар бид клубтээ цугларч хамтдаа хичээл явуулдаг. Би Москва хотын тухай болон оросын ардын урлагийн тухай ярьж өгсөн. Саяхан клубын гишүүдэд оросын бин хийж, хамтдаа цай ууцгаасан. Түүнчлэн саяхан би клубын гишүүддээ оросын Масленица” /“Шар тосны баяр”/ баярын тухай ярьж өгсөн. Бид бас хамтдаа “Оросын дуу хоолой” радио сонсдог. Танай нэвтрүүлгүүд их сонирхолтой байдаг. Та бүхнээс Халхын голын тулалдаанд амь үрэгдсэн зөвлөлтийн цэргүүдийн тухай аль болохоор илүү ярьж байхыг хүсэх байна. Чойбалсан хотод зөвлөлтийн нисэгчдэд зориулсан дурсгалын хөшөө байдаг. Халхын голд зөвлөлтийн дайчдад зориулсан олон хөшөө дурсгалууд байдаг. Манай клубынхан Монгол улсын тусгаар тогтнолын төлөө халуун амиа өгсөн зөвлөлтийн цэргүүдийн төрөл төрөгсөдтэй холбоо тогтоохыг хүсч байна.

Эрхэм Ольга Николаевна танд баярлалаа. Танай клубын ажил үйлсэд амжилт хүсье. Бид ойрын нэвтрүүлгээрээ Халхын голын тулалдаанд амь насаа алдсан зөвлөлтийн дайчдын тухай өгуулэх болно. Харин одоо танай клубын гишүүдэд зориулж “Любэ” хамтлагийн дуулсан “Березы” /”Цагаан хус”/дууг сонсгоё.

“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Жилийн жилээс бидний амьдрал хөгжин дэвшиж байна. Хот суурингууд өөрчлөгдөж: шинээр олон байшин барилга, гудамж талбай, зам гүүрүүд баригдаж байна. Хэрвээ энэ нь танил хотод болж байгаа бол танихын аргагуй юм. Үүнийг Улаанбаатараас захидал бичсэн Батмөнхийн захидал гэрчилж байна.

“Орос улстай би олон зүйлээр холбогдсон. Анх би жаахан хүүхэд байхдаа Москвад аав, ээжийнхээ хамт явж, хотын түүхэн дурсгалт газруудтай танилцаж байсан миний сэтгэлд тод байдаг. Маш том хот байсан санагддаг. Оросын ард түмний зочломтгой сайхан чанар бидний сэтгэлд үлдэсэн. Дараа нь би Эрхүү хотод оюутан байсан. Их сургуулиа төгссөний дараа Петербург, Екатеринбург, Омск, Новгород болон бусад хотуудад ажлаар очиж байсан. Саяхан би арван жилийн дараа Эрхүү хотод очсон. Эрхүү хот их өөрчлөгдсөн, тэр ч бүү хэл би нилээд төөрсөн шүү. Эрхүү хот Дорнод-Сибирийн төв цаашид хэрхэн өөрчлөгдөх тухай, тус хотын ерөнхий төлөвлөлтийн тухай ярьж өгнө үү? Түүнчлэн Муслим Магомаевын урын сангаас сонсгож өгөхийг хүсч, та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье гэж Батмөнх захидалдаа бичжээ.

Батмөнхөө, оросын хотууд таны сэтгэлийг татаж байгаад бид баяртай байна. Эрхүү хот орчин үеийн бусад хотуудын адил эрчимтэй хөгжиж байгаа. Арван жил гэдэг бол их хугацаа, энэ хооронд олон шинэ хорооллууд, нийгмийн халамжийн байгууллагууд, дэлгүүрүүд бий болсон. Ингэхдээ хотын өөрчлөлтүүдийг шинэ дурсгалт газрууд болон соёлын объектуудтай холбон үзэж бас болно. Сүүлийн жилүүдэд шинэ хөшөө дурсгалууд олон байгуулагдсан бөгөөд олон аялал жуулчлалын чиглэлүүд нээгдсэн юм. 2011 онд Эрхүү хотын 350 жилийн ойд зориулан анх нээсэн хүмүүст хөшөө босгосон. Хөшөөний макетыг шалгаруулахад Орос улсын янз бүрийн хотуудаас 12 уран бүтээлч хамт олон оролцсон юм. Ингээд Москвагийн зохиогчдын бүлгийн төсөл ялсан. Энэ хөшөөг анхны тэр хүмүүс Ангар мөрний эрэг дээр хөл тавьж байгаагаар дүрсэлжээ.

Сүүлийн арван жилүүдэд Эрхүүд нэгэн онцгой газар бий болжээ. Тэр бол 130-р хороолол буюу Иркутская слобода /Эрхүүгийн тосгон/ нэртэй юм. Зориудаар байгуулсан энэ бүсэд Эрхүүгийн түүхэн барилгуудыг оруулжээ, тухайлбал, нилээд хэдэн түүхэн болон уран барилгын хөшөө дурсгалууд. 2010 оны 3-р сарын сүүлээр тус хотод хуучин байшингуудыг сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн. Төслийн дагуу хороололд модон байшингуудыг сэргээн засварлана. Тэдгээрт дарханы газрууд, ваарны үйлдвэр, бэлэг дурсгалын лангуу болон кафе ресторанууд байх юм.

Батмунх гуай, та сүүлийн удаа Эрхүүд айлчлахдаа “Московские ворота” /”Москвагийн хаалган”/ дээр очиж үзсэн байхаа. Энэхүү хаалгыг 1813 онд Оросын хаан I Александр хаан ширээнд заларсны 10 жилийн ойд зориулан байгуулсан ажээ. Уг хаалга нь Эрхүүгээс Оросын Европын хэсэг рүү Москвагийн зам руу харсан байдаг. Энэ хаалга 4 давхар барилга бөгөөд өндөр нь 19 метр, өргөн нь 16 метр. Хаалганы чанх дээр хүндэтгэлийн хүлээн авалтын цай уух өрөө байжээ. 1928 онд “Москвагийн хаалганы” барилга нь муудсан тул, аркийг буулгажээ. Ингээд уг дурсгал нь нийт 115 жил болсон аж. Үүнээс хойш 200 жилийн дараа, 2011 оны зун Ялалтын аркийг барих болсон юм. 2011 оны 9-р сарын 14-нд Москвагийн хаалгыг хүндэтгэлтэй нээсэн юм.

Батмунх гуай, таныг ойрын үед дахин Эрхүүгээр аялаж, тус хотын шинэлэг зүйлүүдийг өөрийн нүдээр үзэх боломж гарна гэдэгт бид найдаж байна. Ингээд таны захиалсан Муслим Магомаевын урын сангаас ийм нэгэн дууг сонсгоё. “Приснилось мне” “Миний зүүдэнд орсон ...” дууг хүлээн авч сонсоно уу.

Бидэнд цахим шуудангаар Дэлгэрмаа захидал ирүүлжээ. Тэр захидалдаа, танай нэвтрүүлэгээс би олон ашигтай мэдээллийг олж авдаг. Танай хөгжмийн нэвтрүүгийг сонсох дуртай. Надад оросын эстрадын олон дуучид таалагддагийн дотор авъяаслаг залуу дуучин Сергей Лазарев их таалагддаг. Би хэзээ нэгэн цагт түүний концертийг үзнэ гэдэгт найдаж байдаг. Ер нь оросууд концертыг хир өргөн үзэж байгаа болон амралтынхаа өдрүүдийг хэрхэн өнгөрүүлдэг талаар ярьж өгнө үү?

Дэлгэрмаа, захидал ирүүлсэнд баярлалаа. Нийгмийн судалгаа явуулдаг хүмүүсийн гаргасан статистикийн мэдээгээр, оросын дундаж иргэд амралтынхаа өдрийг зөв зохистой өнгөрүүлэхийг больсон ажээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн дөнгөж 8 хувь нь концерт, үзэсгэлэн болон музей үздэг аж. Ихэнхи иргэд нь ТВ үзэх юм уу, Интернэтэд суухыг илүүд үзэж байдаг аж. Энэ бүгд нь мэдээж хэрэг, нилээд гунигтай л юм. Хамгийн сайхан амралт бол найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэх гэж тооцдог хүмүүсийн тоо их болжээ. Харин гэрийн ажлыг амралттай адилтган үздэг хүмүүсийг сэтгэл зүйчид мэдрэлийн ядаргаанд орно хэмээн анхааруулж байна. Оросын хэт их ажил хийдэг хүмүүс нь орос баня болон саунд ордог, энэ нь хүний ядаргааг тайлдаг. Их орлоготой хүмүүс дэлгүүр хэсч, цэцэрлэгт хүрээлэн юм уу, байгальд зугаалах дуртай байдаг. Залуучууд харин кафенд суух, кинонд явах юм уу, ой мод, гол горхи руу явах дуртай байдаг. Ингэхдээ өндөр орлоготой, өндөр боловсролтой хүмүүсийн очих сонирхдог газар бол амьтны хүрээлэн байдаг аж. Залуучууд шөнийн клуб, өөрсдийн хайртай дуучдын концертыг үзэх дуртай байдаг. Сонирхуулахад, 3-р сарын 30-нд Сергей Лазарев өөрийн 30 насны төрсөн өдрийг концертын хөтөлбөрөөр тэмдэглэсэн. Энэ өдөр алдарт дуучинд баяр хүргэхээр түүнийг бишрэн шүтдэг янз бүрийн насны хүмүүс төдийгүй алдарт одууд ирсэн юм, жишээ нь Николай Басков байлаа.

Харин одоо Дэлгэрмаа танд зориулан Сергей Лазаревын дуулсан “Чи явсан байлаа ч...” хэмээх дууг сонсгоё.

Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Та бүхэн манай нэвтрүүлгээр юу сонсох, ямар дуу хөгжмийн мэндчилгээ хүсч байгаагаа бидэнд манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25, радио “Оросын дуу хоолой”, Монгол хэлний редакцид гэж хаяглаж ирүүлнэ үү? Дараа дахин уулзатлаа баяртай.