Оросын Алс Дорнод хувийн хөрөнгө оруулагчдын хувьд «татварын диваажин» болж мэднэ. ОХУ-ын засгийн газар Зүүн Сибирь, Алс Дорнодын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчдад нэлээд их хөнгөлөлт олгох хуулийн төслийг боловсруулав. Баримт бичгийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулжээ.

Шинэ хуулийн төсөл Алс Дорнод, Зүүн Сибирьт хөрөнгө оруулах таатай уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэгдсэн юм. Үйлдвэрлэлээ буүр эхнээс нь эхлэх төслүүдийг санхүүжүүлэх хөренгө оруулагчид эхний таван жил ашгийн татвар төлөхгүй.Дараачийн таван жил ийм компаниудын төлөх татвар урьд 20 хувь байсан бол одоо 10 хувь хүртэл буурах юм.

Энэ нь 2014-2023 онуудад хэрэгжүүлэх төслүүдэд хамаатай. Таван жилийн дотор 16 сая гаруй доллар оруулсан этгээдүүдэд 2029 он хүртэл, гурван жилийн дотор 5 сая гаруй доллар оруулсан хөрөнгө оруулагчдад 2027 он хүртэл ийм хөнгөлөлт олгох юм. Алс Дорнод, Зүүн Сибирийн нутаг дэвсгэрт бүртгэгдэж, бусад бүс нутагт салбараа тусад нь байгуулаагүй үйлдвэрүүдэд хөнгөлөлт олгохыг дурдая.

Эдийн засгийн бодит салбарт хөрөнгө оруулах талаар өгүүлж байна. Засгийн газраас санаачилсан хөнгөлөлт арилжааны бус байгууллага, банк, даатгалын байгууллага, төрийн биш тэтгэврийн сан, үнэт цаасны зах зээлийн мэргэшилтэй оролцогчдыг хамрахгүй. Түүнчлэн нефть,хийн компаниуд болон согтууруулах ундаа, тамхины үйлдвэрүүдийг татварын хөнгөлөлтөд хамруулахгүй. Харин суудлын машин, мотоцикл үйлдвэрлэгчдэд ийм хөнгөлөлт олгох юм.

Хувийн хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт олгох хуулийн төслийг Алс Дорнод, Зүүн Сибирийн нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх улсын хөтөлбөрийн хүрээнд боловсруулав. Түүнийг 2025 он хүртэл тооцоолжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө холбооны ба бүс нутгийн төсвөөс гаргана гэж Оросын ШУА-ийн Улс ардын аж ахуйн таамаглалын хүрээлэнгийн захирал Виктор Ивантер хэлээд

«Зүүн Сибирь, Алс Дорнодыг хөгжүүлэх ийм цогц хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж байна. Барагцаалбал 330 тэрбум доллар оруулна. Ийм асар их хэмжээний хөрөнгөөр Алс Дорнодын хөгжлийг эрс урагш ахиулах ёстой. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлхийн тулд юуны түрүүнд бүс нутагт үйлдвэр худалдааны үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй. Тодорхой хэмжээний хөнгөлөлт олгох замаар л хөрөнгө оруулдагчдын сонирхолыг татаж болно» гэв.

Нийгэм-эдийн засгийн үр ашиг ийм их хэмжээний хөрөнгө оруулахыг учир үндэстэй болгож байна гэж Виктор Ивантер үзэж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлвэл Алс Дорнод болон Зүүн Сибирьт цалин 25-30 хувиар өсөн нэмэгдэнэ.

Зөвхөн татварын хөнгөлөлтөөр хувийн үйлдвэрлэл эрхлэгчдийн сонирхолыг Алс Дорнод руу татан чиглүүлж болохгүй гэж зарим шинжээч үзэж байна. Дэд бүтцэд шаардагдаж байгаа хөрөнгө төрийн хөтөлбөрийн төсвөөс наанадаж хоёр дахин илүү их байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский хэлээд

«Барагцаалбал 650 тэрбум доллар Алс Дорнодын дэд бүтэцэд оруулах хэрэгтэйг Оросын ШУА-ийн Нийгмийн ухааны салбараас хийсэн дүн шинжилгээ харуулав. Эдүгээ бүс нутагт зарим нэг нисэх онгоцны буудал, боомт байгаа. Тухайбал Владивостокоос Магадан хүртэл зогсоолын нийт шугам ганц Далянь зогсоолынхоос богино байна.

Өөрөөр хэлвэл Алс Дорнодын боомтуудын хүчин чадал өсөн нэмэгдэж байгаа бараа таваарын эргэлтийн хэрэгцээнд нийцэхгүй байна. Улсаас дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулвал оросын ба гадаадын капитал тийшээ шилжиж очно. Улсаас их хэмжээний хөрөнгө оруулахгүй бол татварын хөнгөлөлт тус болохгүй» гэлээ.

Улсаас дэд бүтэцэд зохих хэмжээний хөрөнгө оруулж чадахгүй бол төр-хувийн үйлдвэрлэлийн түншлэл туслахыг дэлхийн туршлага харуулав. Жишээ нь 2008 оны Олимпийн наадмын өмнө Бээжингийн нисэх онгоцны буудлын 3 дахь хэсгийг ийм бүдүүвчээр барьсан юм. Төр төслийн ашгийн тодорхой хувь хэмжээг баталгаатай авах амины компаниудтай хамт төсөлд хөрөнгө оруулна.

Ийм болзлоор амины бизнес дэд бүтцийн ашгийн талаар сонирхол бараг татахгүй төслүүдэд нэгдэх боломж олгож байна. Улсаас Алс Дорнодын хөгжилд оруулах 1 даллар бүр хувийн капиталын 5 долларыг оруулах боломж олгоно гэж оросын шинжээчид тооцоолов.