Иран улс Алматыд хийх хэлэлцээн дээр уян хатан бодлого баримталж, цөмийн хөтөлбөр нь энх тайван зорилготойг нотлох ёстой гэж өчигдөр Мадридад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдлээ. 4-р сарын 5,6-нд Казахстанд ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийх зургаан талын ээлжит хэлэлцээ ахиц дэвшил гаргана гэдэгт тэрээр найдаж байна. Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр энэ нь НҮБ-ын хувьд олон улсын гол асуудлын нэг болсон юм.

Урьд 2-р сард Алматыд хийсэн уулзалтад оролцогчдоос Тегеранд уламжласан саналууд хэлэлцээг цаашид үргэлжлүүлэх үндэс болно гэж Москва найдаж байгааг үүний өмнө ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Игорь Моргулов мэдэгдсэн билээ. ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевичийн хэлснээр асуудлыг хэлэлцэж байгаа зургаан этгээд болон Иран улс одоогоор харилцан найр тавих үр дүнд хүрээгүй.

Ираны тал хэлэлцээ нааштай болно гэдэгт найдаж байгаагаа албан ёсоор илэрхийлэв. Олон улсын зууч этгээдүүд урьдын хэлэлцээн дээр баримтласан чиг бодлогоо цаашид үргэлжлүүлвэл 4-р сарын 5,6-нд хийх хэлэлцээний үр дүнд тохиролцож болно гэж урьд Ираны ГХЯ-ны төлөөлөгч Рамин Мехманпараст мэдэгджээ.

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи түрүүчийн хэлэлцээ 2-р сарын сүүлээр Алматы хотноо болсон билээ. Зургаан зууч этгээдээс хэлэлцээн дээр дэвшүүлсэн шинэчлэсэн саналуудыг Тегеран нааштай хүлээн авсан аж.Орос, Хятад, АНУ, Их Британи, Франц, Герман улсууд ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт хэлэлцээнд оролцож байна.