Умард солонгосын цөмийн зэвсэг нь гадны хүчтэй түрэмгийлэгчдийг тогтоон барих хүчин зүйл болж байгаа төдийгүй тус улсын хөгжил цэцэглэлтийн үндэс болж байна гэж умард солонгосын удирдагч Ким Чен Ун ням гаригт мэдэгдлээ. Түүний мэдэгдлийн бүрэн эхийг KCNA агентлаг өнөөдөр нийтэлсэн тухай Рейтер уламжилжээ.

3-р сарын 31-нд Солонгосын хойгт ээлжит хурцадмал байдал үүсч, БНАСАУ-ын зүгээс хүчтэй сүрдүүлэг явуулсны дараа Умардын удирдагч Ким Чен Ун БНАСАУ-ын эрх баригч нам болох Солонгосын Хөдөлмөрийн намын ээлжит хуралдаан дээр үг хэлсэн. Нөгөөтэйгүүр, Ким Чен Ун нь хэлсэн үгэндээ тус улсыг эдийн засгийн шинэ үе шатанд шилжиж байгаа тухай мэдэгдсэн. Тэрээр АНУ-ыг Умард Солонгосын эдийн засгийг хөгжүүлэхэд саад учруулж, зэвсгээр хөөцөлдөхөд татан оруулсан гэж буруушаав.

Нөгөөтэйгүүр АНУ нь Умардын пуужингийн аливаа дайралтуудаас хамгаалах зорилгоор Өмнөд Солонгосын эргүүдээр пуужингийн хөлөг онгоцнуудыг байрлуулаад байна гэж Франс пресс уламжилжээ. АНУ-ын ТЦЗ хүчний “Фрицжеральд” хөлөг онгоцнууд нь америк-өмнөдийн жил бүрийн хамтарсан “Foal Eagle” хээрийн сургуулилтуудад оролцдог юм.

БНАСАУ-ын зүгээс удаа дараа АНУ-ын цэргийн баазуудад ялангуяа, Япон болон Өмнөд Солонгосын нутгууд дээр цохилт үзүүлэх тухай заналхийлж байсан болон Умардын цэргүүд байлдааны бэлэн байдалд байгаагийн улмаас АНУ-ын командлал энэхүү шийдвэрийг гаргажээ. Үүнээс гадна өнгөрсөн бямба гаригт БНАСАУ нь Өмнөд Солонгостой “дайны үеийн байдалтай” байгаа гэж мэдэгдсэн.

АНУ нь энэхүү заналхийлэлд болон БНАСАУ-ын авч байгаа арга хэмжээнүүдэд туйлын түгшиж байна гэж АНУ-ын Төрийн департаментын газрын төлөөлөгч Виктория Нуланд даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдэгджээ.