ЭКСПО-2020 Бүх дэлхийн олон талт үзэсгэлэнг өөртөө хүлээн авахын төлөө оросын Екатеринбург хот өрсөлдөж байгаа юм. Энэ үзсгэлэнгийн ач холбогдол, өрсөлдөгчид болон ОУ-ын ялах боломжийн тухай оросын мэдүүлгийг дэмжих зохион байгуулах хорооны тэргүүн, дэд ерөнхий сайд Аркадий Дворкович ОДХ радиод ярилцлага өгсөн юм. ЭКСПО үзэсгэлэнг явуулах боломжийн төлөө тэмцэл олимпын тоглолтыг хүлээж авахаас ч дутахгүй хатуу ширүүн юм. Санал хураахад 162 орны төлөөлөгчид оролцох нь НҮБ-ын гишүүн орнуудын тооноос арай цөөхөн юм. Бразилийн Сан-Паула, түркийн томоохон Измир, рашаан сувилалын болон санхүүгийн нэртэй төв Дубай, эртний Тайланд улсын нийслэл Аюттхая зэрэг хотууд Екатеринбург хотын өрсөлдөгчид юм. ЭКСПО үзэсгэлэнгийн иймэрхүү нэр хүндтэй явдлыг Аркадий Дворкович ийнхүү тайлбарлаж байна: Яагаад энэ үзэсгэлэн Олимп юм уу, дэлхийн аврагаас дутахгүй нэр хүндтэй байна вэ? Энэ үзэсгэлэн нь спортын тэмцээн уралдаан шиг гурав, дөрвөн долоо хоног үргэлжилдэггүй, хэдэн сараар, бүр хагас жил ч болдог юм. Энэ хугацаанд энэ үзэсгэлэнг хэдэн мянга ч биш, хэдэн сая ч биш, хэдэн арван сая хүн үздэг юм. ОУ-ын хувьд энэ боломжийг алдах ёсгүй, оросын нэгэн хот хэдэн арван сая хүнийг өөртөө татах ийм боломжийг алдах эрх бидэнд байхгүй гэж тэр ярилаа. Бүх дэлхийн анхны үзэсгэлэн анх удаа 1851 онд Лондон хотноо болсон юм. Тэр үеэс эхлээд л ОУ байнгын оролцогч байсан боловч нэг ч удаа эзэн нь байгаагүй юм. Энэ үзэсгэлэнгийн гол сэдэв нь “Даяарчлалын ой ухаан” өөрөөр хэлвэл янз бүрийн соёл иргэншлийн оюуны потенциалыг нэтгэх гэсэн үг юм. Аркадий Дворкович ярихдаа: “Даяарчлалын ой ухаан” гэсэн энэ сэдвийг бид түншүүддээ санал болгосон ба энэ нь бүгдэд сонирхолтой байна гэж үзэж байгаа юм. Хөгжиж байгаа орнууд болон бага орлоготой орнууд, энэ орнуудтай хамтын ажиллагааг идэвхижүүлэх, тэднийг бидний тойрогт оруулахад бид гол анхаарлаа хандуулж байгаа юм. Хөгжиж байгаа орнуудыг дэмжих 125 сая еврогийн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд үүний тулд бид тусгай нөхцлийг бий болгох юм. Мэдүүлгийг дэмжинэ гэдэг бол санхүүгийн зарлага, засаг захиргааны хүчин зүтгэлийн асуудлууд юм. Энэ үзэсгэлэнг жишээ нь, Москва, Санкт-Петербургт явуулж болох байсан. Харин сонголтыг мужийн төв дээр хийсэн юм. Нийслэл маань өөрийн гэсэн давуу талуудтай гэхдээ бас өөрийн гэсэн дутагдалтай юм. Ер нь бүх юм л байгаа гэхдээ хөдөлгөөн, байршуулах зэргээс болоод улс орнууд ЭКСПО-г нийслэл хотдоо хийх сонирхолгүй байдаг юм. Хоёр дахь шалтгаан нь ямар ч улс орон улс дотроо нийслэлээс өөр төвүүдийг хөгжүүлэх сонирхолтой байдаг. Бид ч гэсэн тийм хүсэлтэй байна. Улс төрийн болон спортын томоохон арга хэмжээнүүдийг бид улс орныхоо янз бүрийн хотуудад явуулдаг болоод байгаа. Жишээ нь, ОУ-ЕХ-ны дээд хэмжээний уулзалт Хабаровск, Ханты-Мансийск, Донын Ростов хотуудад болж байсан. БРИК болон ШХАБ-ын дээд хэмжэний уулзалтууд яг Екатеринбург хотод болж байлаа. Эдгээр арга хэмжээнүүдийг явуулахын тулд бид энэ хотуудын дэд бүтэцийг аажмаар хөгжүүлж эдгээр хотуудыг улам сайхан болгож байгаа юм гэж тэр ярилаа. Екатеринбург хот бол 1,5 сая хүн амтай аж үйлдвэр, соёл, шинжлэх ухаан, боловсролын баялаг уламжлалтай томоохон хот юм. Энэ үзэсгэлэнг явуулахад 60 гаруй тэрбум рубль шаардлагатай юм. Энэ нь бараг 2 тэрбум доллар гэсэн үг. Мэдээж хэрэг энэ хөрөнгийг босгож л таараа. ЭКСПО үзэсгэлэнгийн ерөнхий нарийн бичгийн дарга Висенте Лоссерталес тэргүүтэй олон улсын үзэсгэлэнгийн товчооны төлөөлөгчдийг 3-р сарын сүүлчээр ОУ-ын ерөнхийлөгч В.Путин хүлээж авсан юм. Хэрвээ шийдвэр Екатеринбург хотын талд гарвал оросын төр засаг тус товчооны бүх зааврыг биелүүлэх болно гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.