Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурсиг дооглосных нь төлөө тус улсын нэртэй телевизийн хөтлөгч Бассам Юссефийг төр засаг нь хариуцлагад татахаар боллоо. Хөтлөгчийг баривчлах тухай ордерт Египет улсын ерөнхий прокурор гарын үсэг зурсан байна. Ерөнхийлөгчийг дууриан дооглосон нь доромжлол гэж үзэж байна гэж нэгэн үзэгч саналаа гаргасан нь түүнийг баривчлах шалтгаан болжээ. Юссефийг төрийн тэргүүнийг доромжлосноос гадна лалын шашныг доромжлосон гэж үзэж байгаа юм байна. Энэ хошин шогын жүжигчин нэгэн хиймэл дагуулын сувагт долоо хоног тутмын “Эль-Бернамег” шоуг хөтөлдөг юм. Юссеф өөрийнхөө хөтөлбөрөөр Супер Мурси нэртэй фараоны дүрээр тус улсын ерөнхийлөгчийн хөдөлгөөн, яриаг нь дууриасан байна. 2011 онд ерөнхийлөгчийн суудлаасаа түлхэн унагаагдсан Хосни Мубрак, Мурси хоёрын хэлмэгдүүлэн удирдах арга барил нь адилхан байгаа тул эрх чөлөөг хязгаарлана гэж египетийн хүний эрх хамгаалагчид айж эмээж байна.