Европ, Азийн хил дээр орших уралын Екатеринбург хот 2020 онд ЭКСПО олон улсын үзэсгэлэнг ажиллуулах газрын хувьд хоёр тивийн төлөөлөгчдэд тохиромжтой болно гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэрээр Олон улсын үзэсгэлэнгийн товчооны үнэлгээ өгөх комиссын гишүүдтэй уулзав.

Орос улс ЭКСПО Лондонд анх удаа болсон 1851 оноос хойш Дэлхийн иж бүрэн бүх үзэсгэлэнд оролцож байна. 1900 онд оросын үзэсгэлэнгийн танхим алтан медаль хүртсэн билээ. Гэвч 150 жилийн түүхэнд Орос улс ЭКСПО үзэсгэлэнг нэг ч удаа зохион явуулаагүй. Одоо Екатеринбург 2020 онд ийм үзэсгэлэнг гаргах төлөвлөгөөтэй байна.

Өчигдөр Олон улсын үзэсгэлэнгийн товчооны шалгалтын комиссын гишүүд Уралын нийслэлд хүрэлцэн очлоо. Тэд Екатеринбургад аялаад ерөнхийлөгч Владими Путинтай уулзахаар Сочид хүрэлцэн очив. Екатеринбург зочдыг зохих ёсоор хүлээж авна гэдэгт ерөнхийлөгч итгэж байна.

«Бүс нутаг болон хот эрчимтэй хөгжиж байна. Та бүхэн чухам Екатеринбургийг сонгож авах шийдвэр гаргавал бид мэдээжээр хотын дэд бүтцийг хөгжүүлэхэд нэмэлт тусламж үзүүлнэ. Оросын бизнесийг зочид буудал барихад оролцуулна. Нэлээд том хот үр бүтээлтэй хөгжиж байна» гэж ерөнхийлөгч онцлов.

Екатеринбург 2020 оны ЭКСПО үзэсгэлэнг хүлээж авах мэдүүлэг 2011 онд явуулжээ. Тэр үеэс хойш Парист Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Төв байранд нэр дэвшсэн хотуудыг танилцуулж, хотууд байцаах комиссын гишүүдийг хүлээж авсан юм.Өнгөрсөн оны 12-р сард Екатеринбургийн бүрэн төгс мэдүүлгийг танилцуулжээ.

Олон улсын үзэсгэлэнгийн товчооны комиссын гишүүд энэ удаа Орос улсын бодит нөхцөл байдлыг үнэлэхийг хичээсэн гэж Олон улсын үзэсгэлэнгийн товчооны гүйцэтгэх хорооны дарга Стейн Кристенсен хэлээд

«Сүүлийн хэдэн өдөр бид Екатеринбург, Сочид хэдэн уулзалт хийсэн. Танай баг эдгээр уулзалтыг сайн бэлтгэжээ. Бид үнэлгээ өгөхдөө улс төр, санхүүгийн хэмжээнд хөдөлбөргүй дэмжлэг үзүүлэхийг удирдлага болгосон. Нарийн бичгийн дарга нарын газарт олгосон бичмэл баталгаа тань үнэн зөв байгааг харсан» гэв.

Екатеринбургад ажиллаж болзошгүй үзэсгэлэн цар хүрээгээрээ зөвхөн 2010 онд Шанхайд болсон ЭКСПО үзэсгэлэнгийн дараа орно. Зохих шийдвэр гаргавал ЭКСПО 2020 оны 5-р сарын 1-нээс 10-р сарын 31-нийг дуустал Екатеринбургэд ажиллана. Энэ нь цаг уурын байдал, аялал жуулчлалын үүднээс зохистой үе хэмээн зохион байгуулагчид үзэж байна.Мөн завсар Екатеринбург 30 сая орчим зочныг хүлээж авна.

Дэлхийн 163 улс Олон улсын үзэсгэлэнгийн товчоонд нэгдсэн юм. Гэвч 11 гишүүн нь татвар төлөхгүй байгаа учраас сонгох эрхээ алдав. Иймээс 152 улсын төлөөлөгчид 2020 онд ЭКСПО үзэсгэлэнг чухам хаана зохион байгуулах асуудлыг шийдвэрлэнэ.

Санал хураалтын дүнг 2013 оны 11-р сард зарлаж мэдээлнэ. Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубаи, Туркийн Измир, Тайландын Аюттхая, Бразилийн Сан-Паулу зэрэг хот мөн эрх эдлэхийн төлөө Екатеринбургтэй өрсөлдөж байна.