Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг «азийн гурван том  бар» чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаар одоогоор зөвшилцөөгүй байна.Сөүлд эл асуудлаар хийсэн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Оросын шинжээчид ийм бүс  байгуулах асуудлаар өөр өөр саналтай байна.

Хэлэлцээний механизм, дэглэм, хүрээ гурван өдрийн санал шүүмжлэлийн гол сэдэв болсон. Тодорхой тохиролцоонд хүрсэнгүй. Талууд ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний талаар гаалиар ивээх бодлоготой хэрхэн тэмцэх асуудлыг хөндөөгүй байна.

Харин энэ асуудал л бүр 2004 онд Япон Өмнөд Солонгосын хоорондын чөлөөт худалдааны тухай гэрээг хүчингүй болгоход хүргэсэн билээ. Түүнээс гадна мөн асуудал Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо + Хятад, Япон, Өмнөд Солонгос чөлөөт худалдааны бүсийг байгуулахад бүр 10 гаруй жилийн турш саад болсоор байна.Энэ нь гол асуудал гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский хэлээд

«БНСолонгос,Япон улсуудын засгийн газраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд олгож байгаа татаас гол асуудал болсон. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх уу? гэсэн асуултад хариулахад хэцүү. Гэвч чөлөөт худалдааны бүс байгуулах тухай бүрэн төгс шийдвэр түүнээс хамаарагдаж байна. Талуудын хийж байгаа гурван жилийн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй» гэлээ.

Эдийн засгийн аминч үзэл одоогоор давамгайлж байна. Өмнөд Солонгосын фермерүүдийн холбоо болон төрийн бус хэдэн байгууллага чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлаархи хэлэлцээг зогсоохыг засгийн газраас хатуу шаардаж байна. Мөн төслийг хэрэгжүүлж олох ашиг хөдөө аж ахуйн хохиролыг нөхөж чадахгүй гэж тэд үзэж байна.

Энэ нь маш өргөн цар хүрээтэй төсөл юм. Чөлөөт худалдааны томоохон зах зээлийг дэлхийд байгуулах талаар өгүүлж байна. Дэлхийн ДНБ-ний 20, дэлхийн худалдааны 17,5, нийт хүн амын 22 хувь Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван улсад ногдож байна.

Гэсэн ч эдгээр худалдааны гурван түнш маргаантай арлуудын асуудлаархи хурц санал зөрөлдөөнд татагдан оролцсон учир эдийн засгийн ямар ч асуудал улс төрийн шинж чанартай болж байна. Япон улс одоо Өмнөд Солонгосын хяналтад байгаа Такэсима (Токто), Хятад улс Японд захирагдсан Дяоюйдао (Сенкаку) арлуудад тус тус өнгөлзөж байна.

Эцэст нь эдгээр арал эсвэл чөлөөт худалдааны бүс давамгайлах уу? гэсэн асуултад шинжээч Андрей Островский хариулж чадаагүй боловч

«Байдлаас харахад боломж адилхан байна. Эдгээр хоёр хүчин зүйлийн аль нь ялан дийлэхийг хэлэхэд хэцүү. Нэг талаас улс төрийн хүчин зүйл нутаг дэвсгэрийн асуудлыг зохицуулаагүй нөхцөлд ямар нэг хэлэлцээр байгуулахад саад болж байна.

Нөгөө талаас эдийн засгийн прагматик үзэл нөлөөлөх юм. Дэлхийн санхүүгийн байдал хүнд түвэгтэй байна. Хямрал ахин гарч болзошгүй. Кипр улс хямралт байдалд, Испани, Итали, Португал, Грек улсууд нэлээд хүнд байдалд орсон. Харин ЕХ бол Хятад, Япон, Өмнөд Солонгос улсуудын худалдааны тэргүүлэх түнш юм» гэж хэллээ.

Харин Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Владимир Портяковын таамаглал илүү өөдрөг шинжтэй байна. Тэрээр хэлэхдээ

«Дээрх гурван улсыг ойрын үед дэлхийн эдийн засгийн тэргүүлэх төв болгох угтвар нөхцөл байгаа. Бүр ойрын үед ийм төв болж болзошгүй» гэв.

Шинжээч «нутаг дэвсгэрийн асуудлыг хойч үеийнхэнд үлдээх» хятадын шинэтгэлийг санаачилсан ахмад зүтгэлтэн Дэн Сяопины цэцэн мэргэн гэрээсийг дурдав. Тэр тусмаа эдийн засгийн том төслийн хувь заяаг шийдвэрлэж байгаа үед мөн зөвлөмж нэн чухал юм.