Өнөөдөр «Союз ТМА-08М» сансрын хөлгийн багийн гишүүд хөлөгөө ОУСС-тай залгаснаас хойш бараг хоёр цаг өнгөрсний дараа шилжих бүхээгийн нээлхийг онгойлгов.

«Нээлхий нээлттэй байна. «Союз» сансрын хөлгийн багийн гишүүд ОУСС-д шилжсэн» гэж Оросын Нислэгийн удирдах төвийн төлөөлөгчийн хэлснийг «Интерфакс» агентлаг иш татан мэдээлэв.

Оросын сансрын нисгэгч Павел Виноградов, Александр Мисуркин, НАСА агентлагийн Кристофер Кэссиди нар бүрэлдэхүүнд нь орсон «Союз ТМА-О8М» сансрын хөлгийн баг станцад хүрэлцэн очлоо. Оросын Роман Романенко, канадын Крис Хадфилд, америкийн Томас Машберн нар тэднийг тосч авав. Нислэгийг удирдах төвд сансрын нисгэгчдийн төрөл төрөгсөд сансрын хөлгийг станцтай залгах арга ажиллагааг ажиглажээ.

Шинэ багийн гишүүд орос, европ, америкийн ачаа тээврийн хөлөг онгоцуудыг хүлээж авах юм. Тэд ОУСС-ын оросын хэсгийн хөтөлбөрийн дагуу задгай сансарт дөрвөн удаа гарч, «Союз ТМА-07М» сансрын хөлгийг салгана.

Сансрын нисгэгчид ОУСС-ын эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөрийн хүрээнд янз бүрийн 42 туршилт хийнэ. Тухайлбал, «Цахилгаан-Гамма» туршилт газар хөдлөлт ба байгалийн өөр гай гамшгийг тааварлан мэдээлэхэд туслана. «Нөхцөл байдал» хэмээх туршилт Сар, Ангараг, Сугар руу нислэг хийх том сансрын хөлгийг зохион бүтээхэд туслах ШУ-ны чухал мэдээлэл баримтыг зохион бүтээгчдэд олгох юм.