Азийн томоохон эдийн засагтай улс орнууд худалдааны холбоо байгуулах тухай яриа хэлэлцээр эхлүүлээд байна. Хэрвээ бүлгэмийг байгуулах юм бол энэ нь бараа эргэлтийнхээ нийт хэмжээгээр Хойд-америкийн худалдааны бүс болон ЕХ-ны дараа дэлхийд гуравт орох юм. Үүнд нэгдэн орох тухай яриа хэлэлцээрийг Хятад, Өмнөд Солонгос болон Япон улсууд явуулж байна.

Сөүлд болох яриа хэлэлцээрийн эхний шатны уулзалтын хүрээнд оролцогчид ихэнхдээ захиргааны чанартай асуудлуудыг хэлэлцэнэ. Худалдааны холбоог байгуулах тухай уг саналыг Азийн тэргүүлэх эдийн засагтай орнууд нилээд хэдэн жил хэлэлцэж ирсэн юм. Сүүлийн үед эл санааг хятад улс идэвхитэй дэмжих болсон. Юуны өмнө энэ нь улс төрийн шалтгаантай аж. Худалдааны холбооны ачаар Бээжин нь бүс нутагт америкийн нөлөөг бууруулахаар эрмэлзэж байна.

Худалдааны холбоо яг хэзээ байгуулагдахыг оролцогчид ч, шинжээчид ч тэр тодорхой хэлж мэдэхгүй байна. Орос улсын ШУА-ийн Олон улсын эдийн засаг,олон улсын харилцааны хүрээлэнгийн профессор Виталий Швыдкогийн үзэж байгаагаар, энэ бүгд нь улс орнууд хэрхэн нягт хамтран ажиллахаас шалтгаалах аж.

«Худалдааны аливаа хязгаарлалтуудыг халах нь эдийн засгийн салбарын хүчтэй сөргөлдөөнтэй тулгардаг.Ингэхдээ зөвшилцөөний асуудал маш их цаг авдаг. Энэ нь ямар хэлбэрээр байгуулагдахаас шалтгаална. Ер нь бол эдийн засгийн хамтын ажиллагаа хэр гүнзгий байхаас болон худалдааны харилцан хязгаарлалтуудыг цуцлах ажиллагаа хир хол явахаас тодорхойлогддог байна.

Хэрвээ энгийн даруухан зорилтуудыг тавьбал, энэ нь 3-4 жилийн хугацаа авч мэднэ. Хэрвээ худалдаа, хөрөнгө оруулалтын бүх саад бэрхшээлүүдийг эрс бууруулах тухай ярих юм бол энэ нь их удаан үргэлжлэх процесс бөгөөд элбэг 5,6 жил болно» гэж Виталий Швыдко хэллээ.

Азийн худалдааны холбоог байгуулах тухай яриа хэлэлцээр эхлэнгүүт л, үүнийг эсэргүүцэгчид гарч ирсэн. Тэдгээрийн дунд Сөүлд  жагсаал цуглаан зохиосон өмнөд солонгосын фермерүүд байна. Тэд худалдааны саад бэрхшээлүүдийг арилгасны дараа гадаадын компаниудын өрсөлдөөнийг даахгүй гэж болгоомжилж байна.

Ийм сэрэмжлүүлэгийг японы газар тариалангийн салбарын төлөөлөгчид бас илэрхийлж байна. Зарим шинжээчид Азийн томоохон эдийн засагтай орнуудын худалдааны холбоо ерөөс гарч ирэхгүй гэж үзэж байна. Эдийн засгийн холбоо байгуулсан Европоос ялгаатай нь Ази тивд хүчтэй  санал зөрөлдөөн олонтоо гардаг.

Жишээ нь одоо Хятад, Өмнөд Солонгос болон Японы хооронд үүссэн нутаг дэвсгэрийн хурц маргаанууд байна. Эдгээр маргаанууд нь худалдааны холбооны чадавхитай оролцогчдын хооронд арай л худалдааны дайнд хүргээгүй байна.