АНУ-д дэлхийн түргэн цохилт гэгчийн үзэл баримтлалын хүрээнд зохион бүтээж байгаа цөмийн биш нарийн онох зэвсэг, байлдааны робот, нисэгчгүй нисдэг багаж цэргийн салбарт бүрэн давамгайлах боломж тус улсад олгов. Цөмийн биш нарийн онох зэвсэг цөмийн зэвсгийн үүргийг доошлуулж, улмаар тэдгээрийг хорогдуулахад нөлөөлж нааштай үүрэг гүйцэтгэх мэт санагдана.

Гэсэн ч сөрөг хандлага мэдрэгдэв. Нэг улс ердийн зэвсгээр нэлээд давуу байх нь бусдыг цөмийн зэвсэгтэй болоход тухирч байна гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн шинжээч Андрей Иванов тэмдэглэн хэлээд

«Орчин цагийн зэвсэггүй улс орон гаднаас цөмрөн орох ажиллагааг ердийн хэрэслээр няцааж чадахгүйг ХХ зууны сүүлээр болон энэ зууны эхээр явуулсан америкийн халдан довтлох ажиллагааны туршлага харуулав. Иймээс эдгээр улсын хувьд цөмийн зэвсэгтэй байх нь тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хэвээр хадгалах бараг ганц баталгаа боллоо. Нарийн онох зэвсэг цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх дэглэмийг бусниулж мэдэх нэгэн хүчин зүйл болсон» гэлээ.

Далавчит пуужин, хэт авианы онгоц, нисэгчгүй нисдэг багаж зэрэг нарийн онох зэвсгийг АНУ-д төдийгүй өөр улсад олноор нь үйлдвэрлэж байна. Үнэн чанартаа ийм зэвсэг стратегийн давшилтын чадавхийн салшгүй нэг хэсэг болсон. Түүнийг ПДХ системтэй хослуулах нь гариг дэлхийд цэрэг-улс төрийн балансыг үндсээр нь өөрчилж мэднэ.

ПДХ систем тогтоон барих цөмийн чадавхийн ач холбогдолыг тодорхой хэмжээгээр багасгаж, санаачлагч улсаас урьтаж цохилт өгсөн цагт нутаг дэвсгэрээ найдвартай хамгаалах боломж олгох мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэгснээр цөмийн зэвсэг хэрэглэх мөргөлдөөн үүсэх аюул улам ноцтой болж байна.

Иймээс америкийн ПДХ системийг байрлуулах явдал Орос улсыг төдийгүй өөр улс орныг түгшүүлсэн гэж Андрей Иванов тэмдэглэн хэлээд

«АНУ болон түүний холбоотнууд азийн бүс нутагт ПДХ системээ идэвхтэй хөгжүүлж байгаа нь Орос, Хятад улсуудыг түгшүүлж байна. Өнгөцхөн харахад АНУ-д үйлдвэрлэж байгаа нарийн онох зэвсэг, хэт авианы зэвсэг, байлдааны робот, нисэгчгүй нисдэг багаж ПДХ системд ямар ч хамаагүй байна.

Гэвч ийм зэвсэг хэрэгслийн амжилттай боловсруулалт дээрх хоёр улсыг бас түгшүүлэв. Москва, Бээжин хоёр ПДХ хүрээнд харилцан ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцов. Дэлхийн хамтын нийгэмлэгт хандан ийм системийг байрлуулахаас түдгэлзэхийг уриалсан» гэв.

Цөмийн тогтоон барих зэвсгийн ач холбогдолыг сулруулах хандлага Москва, Бээжин хоёрыг нарийн онох зэвсгээр хөөцөлдөх ажиллагаанд оролцоход хүргэж байна. Умард Солонгос шиг ШУ-технологийн боломжгүй улс орнууд «сонгодог» цөмийн зэвсэг бүтээх ажлыг эрчимжүүлэх сонголт хийж байна.