БРИКС бүлгийн орнууд африкийн шинэ тулгар хөгжиж байгаа орнуудад хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдийг хамтран санхүүжүүлнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр мөн бүлгийн худалдаа үйлдвэрийн бүлгийнхний төлөөлөгчидтэй өглөөний хоолны үеэр хийсэн ажлын уулзалт дээр мэдэгдэв. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр гишүүн орнуудын Хөгжлийн банкууд дэд бүтэц, «ногоон энергийн» хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг хамтран санхүүжүүлэх тухай хэлэлцээрт гарын усэг зурна гэж ерөнхийлөгч тэмдэглэжээ.

БРИКС дэлхийн эдийн засагт хосгүй байр эзэлж байна гэж ОХУ-ын төрийн тэргүүн хэлээд энэ нь дэлхийн хамгийн том зах зээл байгаа хийгээд гариг дэлхийн нийт хүн амын 40 хувь нь бүлгийн гишүүн орнуудад оршин суудгийг дурдав. Орос улс харилцан худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн ба технологийн хоршооллыг өргөжүүлэхийн тулд БРИКС бүлгийн эдийн засгийн чадавхийг үр бүтээлтэй ашиглахын төлөө байна гэж Путин мэдэгдэв.

БРИКС бүлгийн Хөгжлийн банк үүнд тус дөхөм үзүүлнэ гэж Орос улсын ерөнхийлөгч нэмж хэллээ.«Орос улс ийм санхүүгийн байгууллагыг бий болгохын төлөө байна. Мөн банк зах зээлийн зарчимд тулгуурлан ажиллаж, гишүүн бүх улсын бизнесийн хамтын нийгэмлэгт дэмжлэг үзүүлэх ёстой» гэж ерөнхийлөгч Путины хэлснээс «Интерфакс» агентлаг иш татан мэдээллээ.