БН Солонгос улсын пуужинт сансарын салбарын амжилт нь оросын технологууд дээр тэр тусмаа хулгайлсан технологууд дээр суурилсан юм. “Чосон Ильбо” сонинд өмнөд солонгосын хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өгсөн шуугиан тарьсан ярилцлагаас ийм дүгнэлт хийж болно. “Манай тагнуулын албаныхны даалгавараар би ОУ-аас хаягдал төмрийн хэлбэрээр хэд хэдэн тив алгасагч баллисттик пуужин болон түүний таван хөдөлгүүрийг гаргасан ба Өмнөд Солонгос улсад авчирч тагнуулынханд хүлээлгэн өгсөн юм. Намайг шагнасан гэхдээ тун удалгүй манай орны төр засгийнхан намайг бүрмөсөн мартсан юм. Миний хэд хэдэн компани байгаа ОУ намайг оруулахгүй байна. Одоо юу хийхээ мэдэхгүй байна” иймэрхүү шуугиан тарьсан мэдээлэлийг ОХУ-д нилээд удаан ажиллаж байгаа өмнөд солонгосын бизнесмен хэвлэлд өгсөн байна.

Энэхүү түүхийг дэлгэсэн өмнөд солонгосын “Чосон Ильбо” сонин мэдэгдэхдээ Үндэсний тагнуулын алба энэ явдлын үнэн гэдгийг баталсан гээд пуужингууд нь “хаягдал төмөр л байсан гэж” хариулсан гэжээ. Өмнөд солонгосын “энхийн мэргэжилтнүүдийн” зарим нэг төлөөлөгчид өмнөд солонгосын тусгай албаныхны “амттайхан даалгаварыг” биелүүлдэг нь анхны юм биш ээ гэж оросын хууль хяналтын байгууллагынхан мэдэгдсэн гэж оросын сэтгүүлчид мэдээлсэн байна.

“Чосон Ильбо” сонин зөвхөн нэрийнх нь эхний К үсгээр тэмдэглэсэн өмнөд солонгосын бизнесмений хувьд гэвэл тэрээр 1996 оноос хойш ОУ-д бизнес эрхлэж байгаа юм байна. Түүний компани нь Петропавловск-Камчаткад байрлаж байсан ба Өмнөд Солонгос улсад хаягдал төмөр гаргаж байсан байна. Эхлээд ашиглалтаас гарсан хөлөг онгоцуудыг гаргаж байснаа 1997 оноос нөхөр К стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай АНУ-тай хийсэн гэрээний дагуу устгах ёстой байсан Камчатка дахь оросын тив хоорондын баллистик пуужингуудыг хэсэгчлэн гаргах зөвшөөрөлийг оросын БХЯ-наас авсан байна. Эндээс л туршуулийн тухай детектив зохиол эхэлсэн байна.

Энэ төслийн тухай өмнөд солонгосын тагнуулын алба тэр дор нь мэдэж маш их сонирхож эхэллсэн байна. Үндэсний тагнуулын алба буюу тэр үед Үндэсний аюулгүй байдлын төлөвлөлтийн агентлаг гэж нэрлэдэг байсан газрын төлөөлөгчид нөхөр К-тэй уулзаж пуужингуудыг маш бага гэмтэлтэйгээр гаргахыг санал болгосон байна. Уул нь эдгээр пуужингуудыг АНУ-ын төлөөлөгчдийн нүдэн дээр жижиглэн хуваах ёстой юм. Харин нөхөр К-гийн ярьж байгаагаар тэрээр тус баазын дарга болон оросын цэргийн сөрөг тагнуулын албаны хэд хэдэн офицеруудтай дотно найзалсан бөгөөд тэд нь 700 мянган долларын төлөө овсгоотой солонгос нөхрийн үйл ажиллагааг нүд анин өнгөрөөхөөр болсон байна.Үүний дүнд нөхөр К 1998онд тус баазаас хаягдал төмөр нэрийн дор пуужингийн их биеийн томоохон хэсэг болон түүний хөдөлгүүрийг БН Солонгос улс руу гаргаж чадсан бөгөөд эх орондоо буцжээ. Тэнд нөхөр К-гийн ярьж байгаагаар амжилттай ажиллагааны тухай “хамгийн дээд түвшинд” мэдээлсэн бөгөөд 1999 оны 3-р сарын 13-нд бизнесмен-туршуулд өмнөд солонгосын тагнуулын албаны захирал өөрийн биеэр “Улс орны аюулгүй байдлыг хангах үйлсэд онцгой гавьяа байгуулсны төлөө” медаль, 10 мянган доллар гардуулсан байна.

Нөхөр К 2000 оны 12-р сар, 2001 оны 11-р сард хоёр удаа ийм ажиллагааг тус тус явуулж, пуужингийн гурван хөдөлгүүр, пуужингийн шинэ хэсэг болон хэд хэдэн бүрдүүлэгч хэсгийг ОУ-аас гаргасан байна. “Миний мэдэж байгаагаар миний явуулсан пуужингуудыг угсарч, судлан тэндээс олж авсан мэдлэгээ дараа нь солонгосын пуужинг бүтээхдээ ашигласан гэж” К ярьсан байна.

0ОУ-аас стратегийн зэвсэглэлийн өөр загваруудыг хулгайлахыг Үндэсний тагнуулын алба нөхөр К-гаас хүссэн боловч тэрээр өөрийнхөө аюулгүй байдлын үүднээс татгалзсан байна. Тэрээр ОУ-д хууль ёсны жуулчлалын бизнес явуулж эхэлсэн боловч 2007 онд түүнийг ОУ-д орохыг бүрмөсөн хориглосон байна. Тагнуул туршуулын үйл ажиллагаатай холбоотой гэж сэжиглэж байгаа тул оруулахгүй байгаа гэж түүний танил оросын цэргийнхэн мэдэгдсэн байна. Яг тэр үед ОУ, Өмнөд Солонгос улсуудын хооронд тагнуулын талаар шал өөр маргаан үүсээд байсан тул нөхөр К-г зүгээр л халуун гараар бариулсан бололтой гэж “Чосон Ильбо” сонин үзсэн байна. ОУ-д нөхөр К-гийн 20 сая долларын актив үлдсэн учир түүний хувьд энэ нь сүйрэл гэсэн үг юм. Тэрээр Үндэсний тагнуулын алба болон өмнөд солонгосын ГХЯ-нд хандан тусламж хүссэн боловч нэмэр болсонгүй. Эцсийн эцэст нөхөр К хэвлэл мэдээлэлийнхэнд хандаж бүх үнэн түүхээ ярьсан байна.