БНХАУ-ын дарга Си Зиньпин Москвад хийсэн өөрийн айлчлалаа дүгнэхдээ “ОУ-д хийсэн миний айлчлал миний хүлээж байсан бүхнийг давж гарлаа гэж” хэлсэн байна. Оросын нийслэлд байх хугацаандаа хятадын удирдагч үнэхээр үр бүтээлтэй ажиллаа. Тэрээр ОУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээр хийж, ерөнхий сайд Д.Медведев болон парламентын хоёр танхимын дарга нар Сергей Нарышкин, Валентина Матвиенко нартай уулзаж амжсан байна.

ОУ-ын БХЯ-нд Си Зиньпинийг айлчлах үеэр тус байгууллагын тэргүүн Сергей Шойгу хүндэт зочныг ОУ-ын ЗХ-ний шуурхай удирдах төвд зочлохыг урьсан байна. Оросын армийн гол командын цэг дээр орсон гадаад улсын удирдагчдын хамгийн анхных нь БНХАУ-ын дарга болсон байна. Хятадын тэргүүн залуучуудтай харьцаад амжсан ба ОУХДС-ийн оюутнуудын өмнө лекц уншсан байна.

БНХАУ-ын даргаар сонгогдсныхоо дараа Си Зиньпиний айлчилсан анхны улс нь Орос орон байлаа. Бээжингийн хувьд ОУ-тай харилцах харьцаа тэргүүлэх чиглэлтэй гэдгийг дэлхий дахинд ийнхүү харууллаа.

Үүнийг Москвад ч өндөр үнэлсэн юм. Хоёр улсын харилцааны түүхэнд энэ айлчлал шинэ хуудсыг нээх ёстой гэж В.Путин хэлэлцээрийг нээхдээ хэлсэн юм. «Танийг БНХАУ-ын даргаар сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэе. Гадаад улсад хийх анхны айлчлалаа манай улсаар эхэлсэн явдалд талархал илэрхийлье. Бие биеэнтэйгээ харилцах харилцаанд Орос, Хятад улсууд ямар их анхаарал хандуулж байгааг эндээс харж болно. Энэ харилцааг бий болгохын тулд өмнөх жилүүдэд бид асар их зүйл хийсэн юм. Эдгээр нь өнөөдөр дэлхийн бодлогын чухал хүчин зүйл болоод байна. Хүндэт ноён дарга таны айлчлал орос, хятадын харилцааны хөгжилд шинэ хүчирхэг түлхэц өгнө гэдэгт найдаж байна» гэж Путин хэллээ.

Хоёр улсын хамтын ажиллагааны бүхий л чиглэлийг хамарсан маш чухал багц баримт бичигт энэ айлчлалын үеэр гарын үсэг зурлаа. оросын томоохон ВЭБ банк, Шууд хөрөнгө оруулалтын сан, орос, хятадын хөрөнгө оруулалтын сан болон Хятадын хөрөнгө оруулалтын нэгдэл Алс Дорнодын дэд бүтэцийн болон бусад төслүүдэд олон тэрбумын хөрөнгө оруулахаар тохиролцсон байна.

Эрчим хүч стратегийн чиглэл хэвээрээ байна. Газпром болон хятадын нефть хийн Си Эн Пи Си нэгдлийн хооронд гарын үсэг зурсан меморандумд оросын байгалын хийг Хятад улсад нийлүүүлэх асуудлыг авч үзсэн юм. Гэрээнд гарын үсэг зурах хугацаа тун ойрхон байгаа гэж Газпром нэгдлийн тэргүүн Алексей Миллер хэлсэн байна.

«Энэ баримт бичиг стратегийн чанартай юм. Хятадад ОУ-аас хий нийлүүлэх тэргүүлэх чиглэл нь “Сибирийн эрч хүч” хий дамжуулах хоолойноос зүүн чиглэлийн маршрут нь хамгийн тохиромжтой гэж талууд үзсэн юм. Урт хугацааны гэрээг 30 жилээр хийх болсон ба 2018 оноос нийлүүлэлт эхлэх юм. Хятад улсад жилд 38 тэрбум шоо метр оросын хий нийлүүлэх хэмжээг тогтоосон бөгөөд цаашид 60 тэрбум хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм. Гэрээний үндсэн нөхцлийн хуулийн эрх үүрэгт энэ жилийн 6-р сард гарын үсэг зурхаар төлөвлөөд байна. Харин энэ оны сүүлчээр урт хугацааны гэрээнд гарын үсэг зурна гэж бодож байна» гэж Миллер ярилаа.

Си Зиньпиний оросын ерөнхий сайд Д.Медведевтэй хийсэн уулзалтын ихэнх хэсэг нь хаалттай байдалд болсон юм. ОУ-д хийсэн айлчлалынхаа дүнд сэтгэл хангалуун байна гэж хятадын удирдагч хэвлэлийнхнийг байхад мэдэгдсэн байна. ОУХДС-ийн багш, оюутнуудын өмнө үг хэлэхдээ БНХАУ-ын дарга “хятадын мөрөөдөл” гэгч санаанд чухам юу багтаж байгааг тайлбарласан байна.

«Хятад үндэстний агуу их сэргэн мандалт нь шинэхэн түүхэн дэх хятадын ард түмний оргилуун мөрөөдөл юм. Үүнийгээ бид “хятадын мөрөөдөл” гэж нэрлэж байгаа юм. Энэ нь хүчирхэг байх, үндэсний сэргэн мандалт болон ард түмний сайн сайхан амьдралыг дээшлүүлэх тухай мөрөөдөл юм. Сүүлийн зуун жилд гадаадын түрэмгийлэл, дотоодын донсолгоо зэрэгт нухлагдсан хятадын ард түмэн энх тайван ямар үнэ цэнэтэйг сайн мэдэж байгаа. Хүн амынхаа амьдралыг сайжруулах тийм энх амгалан байдал бидэнд хэрэгтэй байна» гэж Си Зиньпин ярилаа.

Москва, Бээжингийн харилцааны тухай Си Зиньпин хэлэхдээ дэлхий дээр өнөөдөр бидэн шиг ойр түншүүд байхгүй гэж мэдэгдсэн байна. Энэ харилцааны утгыг хятадын удирдагч “үүрд мөнхийн анд нөхөд, хэзээч дайсан байгаагүй гэсэн” хэллэгээр тодорхойлсон байна.