Орос, Хятад улсууд бол ойрын анд, түншүүд юм. Эдгээр хоёр улс НҮБ-ын АЗ-ийн гишүүдийн хувьд дэлхийн шудрага дэг журмыг хариуцаж байна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнуудад өгүүлжээ.

Хятадын удирдагч энэ дээд сургуулийн оюутнуудтай хийх уулзалтаа өчигдөр Владимир Путинтай хийсэн хэлэлцээнийхээ тухай яриагаар эхлэв. Си Зиньпиний хэлснээр тэрээр Оросын ерөнхийлөгчтэй хамт нийт долоон цаг байжээ. Энэ завсар ашиг тустай ба тааламжтай явдал болсон байна. Москва,Бээжингийн хоорондын харилцаа «хэзээ ч дайсагнахгүй үүрдийн нөхөд» зарчимд тулгуурлан төлөвшсөнийг БНХАУ-ын дарга дурдаад

«Хятад-оросын харилцаа бол гүрэн улсудын хоорондын хамгийн сайн сайхан харилцаа мөн. Дээд түвшинд гарсан орос-хятадын бат бэх харилцаа бидний ашиг сонирхолд нийцэж төдийгүй олон улсын тэнцвэр, энх тайвны найдвартай баталгаа болсон юм» гэлээ.

Олон улсын эрх зүйн зарчмыг даган мөрдөх нь олон улсын тавцанд Москва, Бээжингийн байр суурийг ойртуулж байна. Колоничлол, хүйтэн дайны үзэл суртал улирч өнгөрсөн хэрэг болох ёстой. Эдүгээ ганц нэг гүрэн улс ч хэсэг улс ч дэлхийд ноёрхож чадахгүй гэлээ.

БНХАУ-д болж байгаа үйл явдлуудыг ажиглаж байгаа улс төр судлаачид «хятадын мөрөөдөл» гэдэг ойлголтыг хэлэлцсээр байна. Дашрамд хэлэхэд энэ хэллэгийг Си Зиньпин л улс төрийн эргэлтэд нэвтрүүлсэн аж. Зохиогч нь «хятадын мөрөөдөл» ойлголтыг МОУХДС-ийн оюутнуудад тайлбарлан хэлэхдээ

«Хятад улс үндэстний их сэргэлт мандал хятадын ард түмний шинэ түүхэнд хамгийн амин чухал мөрөөдөл болсон юм. Бид ийм хүсэл эрмэлзэлээ «хятадын мөрөөдөл» гэсэн. Энэ нь сүр хүч,үндэсний сэргэлтийн тухай болон ард түмний аж байдлыг дээшлүүлэх хүсэл мөрөөдөл билээ. Сүүлийн зуун жилд нэлээд хүнд түвэг бэрхшээл, гаднын түрэмгийлэл, дотоодын донсолгоог давсан хятадын ар түмэн энх амгалан байдлын үнэ цэнэ юу гэдгийг сайн мэднэ. Бидний бүтээн байгуулалт ба хүн амын аж байдлыг сайжруулах явдалд энх амгалан нөхцөл зайлшгүй чухал» гэв.

Си Зиньпин энх тайвныг сахин дэмжих сэдвийг үргэлжлүүлэн ярихдаа хөршүүд Хятад улсын сүр хүч өсөн нэмэгдэж байгаагаас эмээх ёсгүйг мэдэгдэв. БНХАУ зэвсэглэлээр хөөцөлдөхгүй байна гэж тэрээр онцлов. Гэвч бие даасан шинжээчид энэ сэдвийг хүлээн зөвшөөрөхгүй байх. Хятад улс нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг Япон, Вьетнам, Энэтхэг, Филиппин орнуудтай зохицуулаагүй.

Түүнээс гадна Хятадын батлан хамгаалах салбарын төсөв энэ онд бараг 15 хувиар өсөн нэмэгдэж, 115 тэрбум долларт хүрэх тухай саяхан зарлан мэдээллээ. Бээжин цэргийн зарлагаа үргэлж нэмэгдүүлж байгаа нь хөрш зэргэлдээ орнуудыг түгшүүлж байна.