Кремль засгийн бүх түвшинд тал тохой татах явдалтай тэмцэх бодолтой байна. БНМордов Улсын төрийн тэргүүн асан Самар мужийн өнөөгийн засаг даргын хүү Николай Меркушкинийг Мордовын дэд ерөнхий сайдаар томилсон явдал эл асуудлыг тавих шалтгаан болжээ. Үүнтэй холбогдуулан оросын бүх яам, тусгай газарт хариуцлагатай ямар ч албан тушаалд нэр дэвшэгчийн төрөл төрөгсөдийн харилцааг илрүүлвэл мэргэшлийн чанары нь нарийн чанд шалгах албан бус заавар явуулсан байна.

Ер нь Меркушкиний хүүг ийм хариуцлагатай төрийн албан тушаалд томилсон нь гэмт хэрэг бишээ. Дээгүүр албан тушаалтай түшмэлийн төрөл төрөгсөдийг удирдах албан тушаалд томилохыг хориглосон зүйл анги оросын хууль тогтоомжид үгүй. Гэвч урьд 34 настай Алексей Меркушкин төрийн албан тушаал нэг ч өдөр хашаагүй хийгээд арилжааны байгууллагад хийсэн ажил нь зохих туршлагатай болгоогүй байна.

Өөрий нь хувь нэмэр, гавьяа биш эцгийнхээ ивээлээр л хүү нь бүс нутгийн засгийн газрын дэд ерөнхий сайд болсон бол уу гэж ерөнхийлөгчийн ажлын алба эргэлзэв. Харамсалтай нь орчин цагийн Орос улсад ийм тохиолдол олонтаа гарч байна гэж ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академийн шинжээч Борис Шмелёв тэмдэглэн хэлээд

«Төр засгийн байгууллагуудад тал тохой татах үндсэн дээр янз бүрийн бүлэг төлөвшиж байгаа нь орчин цагийн нийгмийн хамгийн зохисгүй шинж тэмдгийн нэг болсон. Үнэн чанартаа бид зүсэн зүйлийн омог бүлэг төрийн үйл ажиллагааны нэг хэсгийг хяналтдаа авч, төрийн байгууллагуудыг амины ашиг сонирхлоор ашиглах төрийг хувьчлах үйл явцыг ажиглаж байна. Энэ тун аюултай хандлага авилгалын нэгэн шалтгаан болсон» гэж онцлов.

Эдүгээ Орос улсад авилгалтай тэмцэх шуугиант арга хэмжээ БХ-ын сайд асан Анатолий Сердюковтэй холбоотой. Тухайн үед дэд ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан түүний хадам эцэг Виктор Зубков охиныхоо нөхрийг засгийн газрын бүрэлдэхүүнд оруулсан аж.

Гэсэн ч оросын засгийн газарт нааштай жишээ ч бий. Тухайлбал Татьяна Голикова, Виктор Христенко гэргий нөхөр хоёр нэлээд удаан сайд нарын албан тушаал хашсан юм. Хилийн чанадад ч ийм тохиолдол олон. Тухайлбал эцэг Жорж Буш , хүү Жорж Буш  хоёр АНУ-ын удирдагчид байсан. Мөн түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарыг дурдаж болно. Эцэст удмын эмч, зураач нар байна. Тэгвэл удмын түшмэл байж болохгүй гэж үү?

Оросын улс төрч, шинжээчид тал тохой татах явдлыг авилгалтай адилтгаж болох уу гэсэн асуудлаар өөр өөр санал бодолтой байна. Нэг  бүлгийн төлөөлөгчид төр засгийн байгууллагад ажиллах нь авилгалыг үүсгэж байна гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үзэж байна. Гэвч авилгал илүү гүнзгий уг язгууртайг тэрээр тэмдэглэжээ.

Боловсон хүчин дутагдах нь тал тохой татах үзэгдлийг үүсгэсэн гэж «Левада төв» олон нийтийн санал асуулга явуулдаг сангийн захирал нийгэм судлаач Лев Гудков үзэж байна. Түшмэлийн хувьд ойрын хүрээлэгсдээс өөр надавартай этгээдүүд алга. Муу мэргэжилтэн байсан ч үнэнч найдвартай гэж Лев Гудков хэлээд

«Төрөл төрөгсөдийн харилцаа үнэнч байх, урван тэрслэхээс сэрэмжлэх баталгаа болсон. Улмаар өмчийг өөрийн хүмүүсийн дотор л хуваарилж байна» гэв.

Одоо төрөл төрөгсөдөө дээгүүр албан тушаалд томилох эсвэл томилолтыг ивээх удирдах зүтгэлтнүүд нэр дэвшигчийнхээ давуу талыг бүрэн үндэслэх ёстой. Энэ үйл явц ил тод байх ёстой гэсэн дүгнэлт Кремль санал шүүмжлэлийн дүнгээр хийжээ.