Уламжлал ёсоор 3-р сарын сүүл болон 4-р сарын эхэн үеэр Монгол улсад орос улсын их, дээд сургуульд элсэх хүсэлтэй хүмүүсийг сонгон шалгаруулах уралдаан болдог. Энэ жил элсэх хүсэлтэй хүүхэд залуучуудын эцэг, эхчүүд тус улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны яам болон шалгалт явуулах байгууллага руу сэтгэл түгшин, олонтоо утас цохих болов.

Энэ байдлыг тайлбарлаж өгөхийг хүсч бид Орос улсын Боловсролын яаманд хандсан юм. “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Боловсролын яамны Олон улсын департаментын /удирдах газар/ тэргүүн Елена Башкинад хандсан  юм.Өмнөх жилүүдэд тус байгууллага нь нэгдүгээр сар гэхэд гадаадын түншүүддээ, тэдэнд ирэх хичээлийн шинэ жилд Орос улсад суралцах тодорхой хэдэн квот олгож байгаа тухай мэдээлдэг байсан. Энэ удаа ийм маягийн захидлуудыг одоогоор илгээгүй. Үүнд тодорхой шалтгаанууд ч бий гээд

«Нэгдүгээрт, гадаадын оюутнуудын квотын тухай заалтыг агуулсан Орос улсын боловсролын шинэ хууль нь дөнгөж өнгөрсөн оны 12-р сард гарсан. Хоёрдугаарт, хичээлийн шинэ жилд Орос улс квотыг багасгах ёстой болоод байна.

Гэтэл гадаадын оюутнуудыг элсүүлэх шинэ төлөвлөгөө нь хараахан батлагдаагүй. Энэ төлөвлөгөөг батлагдсан дор нь бусад орнуудын холбогдох байгууллагууд руу мэдэгдэх болно. Одоогийн саатаж байгаа явдал бол Орос улсад суралцах оюутнуудын хугацаа эхлэхэд ерөөс нөлөөлөхгүй юм» гэж Елена Башкина хэллээ.

Сүүлийн жилүүдэд Орос улсын Боловсрол, шинжлэх ухааны яам жил бүр янз бүрийн орнуудын охид хөвгүүдэд Орос улсын зардлаар суралцахад зориулан арван мянган орон тоог олгож байсан. Энэ жил нийт квотын тоо буурсан.

Гэхдээ Монгол улсын хувьд санаа зовох явдалгүй юм. Дээрх багасгасан квотууд нь зөвхөн яамны түвшинд байгуулсан гэрээтэй холбоотой. Тэгвэл Орос улс болон Монголын хооронд монголын иргэдийг ОХУ-д сургах тухай гэрээг хоёр улсын засгийн газрын түвшинд байгуулсан байсан юм.

Тиймээс Монголын хувьд өмнөх тоо хэвээр үлдэж байгаа бөгөөд энэ жил ОХУ-д суралцахаар 300 оюутан, магистр болон аспирант урт ирэх боломжтой юм.

Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь 4-р сарын хоёрдугаар хагасаас эхлэн элсэлтийн шалгалтаа эхлүүлэх боломжтой болох нь.Оросын их, дээд сургуулиудад суралцах монголын оюутнуудын асуудлыг 20 гаруй жил хариуцан ажиллаж байгаа, Орос улсын Боловсролын яамны гол мэргэжилтэн Татьяна Соболева удахгүй болох гэж байгаа элсэлтийн шалгалтуудад тун хариуцлагатай хандахыг хүсч ийн ярьсан юм.

«Элсэгчдэд тавих шаардлагууд өмнөх жилийн нэгэн адил нилээд хатуу шаардлагууд байгаа. Элсэх хүсэлтэй бүх хүн орос хэлний шалгалтыг эх орондоо өгнө. Тэгээд тэдний элсэхээр хүсч байгаа тухайн дээд сургуулиуд дээр нэмэгдэл тестийн шалгалт өгнө. Сонгосон мэргэжилтэй холбоотой шалгалтуудыг авна. Хэрвээ өмнө нь бид монголын талын зөвлөсөн бүх хүмүүсээс шалгалт авч байсан бол одоо шалгалтанд “дунд” дүн авсан элсэгчдийг бид дээд сургуулиудад элсүүлэхгүй.

Энэ зөв гэдгийг саяхан болсон өвлийн шалгалт харууллаа. Шалгалтын дүнд өмнөх жилүүдэд гарч байсан шиг олон оюутан их, дээд сургуулиудаас хасагдах явдал гарсангүй. Ингэхээр би нэг зүйлийг зөвлөх байна. Юу гэвэл, хэрвээ элсэгч оросын болон монголын сургуулийн суурь мэдлэгийн ялгааг мэдэрч л байгаа бол, тэр анхнаасаа бэлтгэл курсд өргөдлөө өсгөн нь дээр» гэж Татьяна Соболева хэллээ.

Мөн бүх элсэгчдэд болоод юуны түрүүнд тэдний эцэг, эхчүүдэд хэлэхэд квот олгох болсон тухай баримт бичгүүд эцэслэн шийдэгдэнгүүт л, тэр даруй тэдгээрийг Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд  илгээх болно.