Өнөөдөр Кремльд ерөнхийлөгч Владимир Путин төрийн айлчлалаар хүрэлцэн ирэх БНХАУ-ын дарга Си Зиньпинийг хүлээн авч уулзана. Си Зиньпиний ОХУ-д хийх айлчлал Хятадын шинэ удирдагчийн гадаадад хийх анхны айлчлал юм. Хоёр улсын төрийн тэргүүн нар худалдаа, энерги, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн хоршоолол,бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа зэрэг хоёр талын харилцан ажиллагааны үндсэн асуудлыг авч үзэж хэлэлцэнэ.

Түүнчлэн Владимир Путин,Си Зиньпин нар олон улсын асуудал тухайлбал Сири улс ба Ойрхи Дорнод, Солонгосын хойгийн байдал, Зүүн-хойд Азийн ерөнхий байдлыг авч үзэж хэлэлцэх юм. Түүнээс гадна дээд хэмжээний уулзалтаар Орос,Хятад улсуудын үйл ажиллагааг НҮБ ба ШХАБ, G20,АТЭС,БРИКС зэрэг олон улсын байгууллагын хүрээнд цаашид уялдуулан зохицуулах асуудлыг хөндөж ярина. Владимир Путин Си Зиньпин нар хэдэн өдрийн дараа ӨАБНУ-д БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалт дээр ахин уулзах юм.

Хэлэлцээний үр дүнгээр хоёр талын хориод баримт бичигт гарын үсэг зурна. Гэсэн ч байгалийн хийн хүрээнд ОХУ, БНХАУ хоёрын хамтын ажиллагааг хамрасан баримт бичиг тэдгээрийн дотор үгүй. Хийн хэлэлцээр одоогоор мөн цэст багтаагүй гэж өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлэв. Эл асуудлаар хэлэлцээ үргэлжилж байна гэж тэрээр нэмж хэллээ.

Орос улсын дэд ерөнхий сайд Аркадий Дворкович нефть-хийн салбарт орос-хятадын хэлэлцээрт ойрын үед гарын үсэг зурах тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр Хятадад нефть нэмж нийлүүлэх тухай хэлэлцээр байгуулж магадгүй гэж тэрээр үзэж байна. Түүнчлэн Орос, Хятад улсууд нефть хийн нийлүүлэлтэд зээл ашиглаж болзошгүй. Владимир Путин, Си Зиньпин нар хэлэлцээ хийгээд Хятадын аялал жуулчлалын жилийг Орос улсад нээх ёслолд оролцох юм.