НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Алеппо орчимд химийн зэвсэг хэрэглэсэн хэрэг явдлыг мөрдөн байцаах тухай Сири улсын уриалгад шуурхай хариу өгнө гэдэгт Москва найдаж байна гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов Твиттерт блогдоо бичжээ. Объектив дүгнэлт хийх төвийг сахих мэргэшилтэй шинжээчдийн багийг байгуулахыг тэрээр уриалжээ.

Дамаск 3-р сарын 19-нд болсон хэрэг явдлыг мөрдөн байцаах бие даасан шинжээчдийн комиссыг байгуулах хүсэлт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад тавьжээ. Террорын бүлгүүд химийн зэвсэг энгийн номхон хүмүүсийн эсрэг хэрэглэсэн гэж уриалгад өгүүлжээ.

Үүний хамт өчигдөр НҮБ-ын АЗ-ийн хаалттай хуралдаан дээр Их Британи, Франц улсуудын дипломат ажилтнууд Дамаск төдийгүй Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцэгчдийн мэдүүлгийг авч үзэхийг уриалав. 3-р сарын 19-нд химийн зэвсэг хоёр удаа Алеппо, Дамаск орчимд хэрэглэсэн гэж сөрөг зэвсэгт бүлгүүд үзэж байна.Засгийн газрын цэрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж сөрөг хүчин мэдэгдэв.

Энэ асуудлыг обьектив үүднээс анхааралтай авч үзнэ гэдэгт Орос улс найдаж байна гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Орос улсыг оролцуулан янз бүрийн орны шинжээчдээс бүрэлдэх мэргэшилтэй багийг байгуулна гэдэгт тэрээр найдаж байна.

Сири улсад химийн зэвсэг хэрэглэсэн нь Иракад болсон хэрэг явдлыг сануулсан гэж дипломат ажилтан тэмдэглэжээ. Саддам Хусейнд үй олноор хөнөөгч зэвсэг байна гэдгийг АНУ санаанаас зохиож, Ирак улсад цөмрөн орсон билээ. Хэрэг явдал давтагдаж болзошгүй гэж улс төр судлаач Леонид Савин хэлээд

«Сири улсад цөмрөн орох төлөвлөгөөг боловсруулж байна гэж саяхан Европ дэх НАТО, АНУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлагч адмирал Жеймс Ставридис мэдэгдэв. Энэ нь ганц нэг төлөвлөгөө биш. Тэд хэд хэдэн төлөвлөгөөтэй юм. Гэсэн ч НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг батлаж, НАТО-гийн бүх гишүүн зөвшөлцсен цагт ийм төлөвлөгөөг хэрэгжүүлж болно» гэв.

Ямар байсан ч Сири улсыг тойрсон түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлж байна гэж Оросын ГХЯ-ны Дипломат академийн Олон улсын тулгамдсан судлалын хүрээлэнгийн шинжээч Олег Пересыпкин хэлээд

«Миний бодоход байдал тун аюултай даамжирч байна. Цэрэг цөмрөн орохоос сэрэмжлэх зорилгоор бүхнийг хийх хэрэгтэй. Юу гэвэл хөндлөнгийн оролцлого Сирид иргэний дайн дэгдээсэн асуудлуудыг шийдвэрлэх байтугай байдлыг улам хурцатгаж, сирийн ард түмэнд хохирол учруулна» гэв.

3-р сарын 19-нд Сири улсад химийн зэвсэг чухам хэн ямар учраас хэрэглэснийг янз бүрийн орны оршин суугчид мэдэх ёстой. Иймээс хэрэг явдлыг олон улсын хэмжээнд мөрдөн байцаах бүх нөхцлийг бүрдүүлэх нь зайлшгүй чухал.