Ерөнхийлөгч Владимир Путин Казань хотноо Универсиадыг бэлтгэх ажлын явцад сэтгэл ханамжтай байна. Төрийн тэргүүн барилга байгууламжуудыг сонирхон үзээд лут том бүтээн  байгуулалт өндөр сэтгэгдэл төрүүлснийг дурдав. Путин Биеийн тамир, спортын зөвлөлийн хуралдааныг нээж үг хэлэхдээ Орос улс 2018 оноос наана спортын тэмцээнд оролцох тамирчдынг визгүй оруулах төлөвлөгөөтэй байгааг мэдэгдэв.

Дэлхийн оюутны спортын наадам (Универсиад) эхлэхээс 108 өдрийн өмнө спортын бараг 30 барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.Энэ нь ерөнхийлөгч Владимир Путиныг баярлуулав. Тэрээр инээмсгэлэн Казань хотыг Оросын спортын шинэ нийслэл гэжээ.

«Одоо юу хийж байгааг сонирхон үзлээ. Миний бодоход Казань Оросын спортын нийслэл болж байна. Лут том бүтээн байгуулалт эрчимтэй урагш ахиж,өндөр сэтгэгдэл төрүүлж байна. Гэвч эрч хүчээ сулруулах хэрэггүй. Хийснээ анхааралтай шалган үзэж, хийхээ эргэцүүлэн бодох хэрэгтэй» гэж ерөнхийлөгч Путин хэлжээ.

Владимир Путин Биеийн тамир, спортыг хөгжүүлэх зөвлөлийн хуралдааныг нээж, 2018 оноос наана Орост спортын тэмцээнд оролцох тамирчдыг визгүй оруулахыг дурдаад

«Казань хотноо болох Дэлхийн оюутнуудын надам ОХУ-д олон улсын спортын цуврал арга хэмжээний эхлэл болно. Бидний боломж, хариуцлагыг үнэлэхэд энд хийж байгаа ажлын чанар бас нөлөөлөх юм. Дэлхийн аврага шалгаруулах болон олон улсын томоохон бараг 20 тэмцээн 2018 оноос наана Орос улсад явагдана. Эдгээр тэмцээнд оролцох тамирчдыг улс орондоо визгүй оруулвал зохино» гэжээ.

Ерөнхийлөгч Усан спортын ордон, «Казань Арена» цэнгэлдэх хүрээлэн, Уран сайхны гимнастикийн төв зэрэг Дэлхийн оюутны спортын наадмын гурван барилга байгууламжийг сонирхон үзсэн байна. Дэлхийн оюутны спортын наадмыг нээх ёслол болон 2015 онд усан спортын олон улсын тэмцээн, 2018 онд хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний зарим тоглолт «Казань Арена» хөл бөмбөгийн цэнгэлдэх хурээлэнд явагдах юм.

Дээд зэргийн техникээр тоноглосон болон бүр мөргөл үйлдэх өрөөтэй цэнгэлдэх хүрээлэн хосгүй барилга байгууламж болсон гэж «Казань Арена» нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Радик Миннахметов хэлээд

«Барилга байгууламж бүх талаар хосгүй байна. Уудам өргөн талбай нь гол онцлог болсон. 11300 тонн жинтэй дээвэр нь хоорондоо тус тус 100-120 метр зайтай 8 төмөр шонд тулгуурлаж байна.Энэ нь манай цаг уурын байдалд таарах хамгийн бат бэх байгууламж юм. 1 ам метр бүрт ногдох 500 кг ачааллыг тэсч мэднэ» гэлээ.

Дэлхийн оюутны спортын наадмын хүрээнд спортын 27 төрлөөр өрсөлдөнө. Тамирчид 351 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Медалийн загварыг ерөнхийлөгчэд үзүүлжээ. Энэ өдрүүдэд явагдаж байгаа Дэлхийн оюутны спортын наадмын бамбарын буухиа оросын 30 хот болон Татарстаны захиргааны 43 нэгжийн төвийг дамжиж гарана. Буухиа наадам эхлэх өдөр 7-р сарын 6-нд Казань хотноо барианд орох юм.