Хятад улс Оростой харилцах харилцааг стратегийн түншлэл, хамтын ажиллагааны «хамгийн гол чухал» харилцаа хэмээн үзэж байна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин мэдэгдлээ. Тэрээр төрийн тэргүүний хувьд анх удаа гадаадад айлчлахынхаа өмнө БРИКС бүлгийн орнуудын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө БНХАУ-ын дарга болсноосо хойш анхны айлчлал ОХУ-д хийхээ мэдэгдэв.

Түүний хэлснээр энэ нь Хятад улсаас ОХУ-тай хоёр талын харилцааг хөгжүүлэхэд гойд анхаарал тавьж байгааг гэрчлэн харуулж байна. Москвад айлчлах үеэрээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын бусад удирдагчтай хийх уулзалтуудыг тэсч ядан хүлээж байна гэж тэрээр тэмдэглэв.

Хятад Оросын хоорондын улс төрийн харилцаа бат бэх үндэс суурьтай байгааг Си Зиньпин тэмдэглэжээ. Сүүлийн 20 жилд хоёр орны бараа таваарны эргэлт 15 дахин өсөн нэмэгдэж, 2012 онд 88,2 тэрбум долларт хүрснийг тэрээр оросын ИТАР-ТАСС агентлагийн асуултад хариулан тэмдэглэв. 2015 онд мөн үзүүлэлтийг 100 тэрбумд хүргэх нь орос-хятадын харилцааны хөгжлийн нэгэн зорилт мөн.

БНХАУ-ын дарга ОХУ-д айлчлаад Африкийн хэдэн улсаар аялаж тухайлбал ӨАБНУ-д хүрэлцэн очиж, БРИКС бүлгийн ээлжит дээд хэмжээний уулзалтад оролцоно. Эдгээр айлчлалаараа хүлээж авах бүх тал түүний дотор БРИКС бүлгийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх бодолтой байна гэж Си Зиньпин мэдэгдэв. БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаад орнуудаар хийх анхны аялалынхаа хүрээнд Орос, Танзани, ӨАБНУ,БНКонго улс зэрэгт айлчлах тухай үүний өмнө БНХАУ-ын ГХЯ мэдээлжээ.