АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ирэх сард Хятад, Өмнөд Солонгос, Япон улсуудад айлчлах төлөвлөгөөтэй байна. Хятад улс өрнүүн хөгжиж байгаа нөхцөлд Жон Керри бүс нутагт америкийн эдийн засгийн ашиг сонирхолыг хамгаалж, Хятад, Өмнөд Солонгос, Японы хооронд гарсан санал зөрөлдөөнийг ямар нэг аргаар зөөлрүүлэхийг оролдох бололтой. Эдгээр гурван улс АНУ-ын худалдааны гол түншүүд юм. Энэ нь амаргүй зорилт гэж шинжээч Валерий Кистанов хэлээд

«АНУ дэлхийн ДНБ-ний үлэмж хэсэг нь төвлөрсөн Ази тийш эргэж байгааг Обама ерөнхийлөгчээр анх сонгодсныхоо дараа онцлосон билээ. АНУ-аас Номхон далай дамнасан түншлэлийн үзэл санааг энэ бүс нутагт идэвхтэй нэвтрүүлж байна. Мөн үйл явцыг энэ оныг дуустал дуусгах бодолтой байна. Үнэн чанартаа импортын бүх тарифыг үгүй болгох, хөрөнгө оруулалт чөлөөтэй хөдлөх чөлөөт худалдааны өргөн бүсийг байгуулж байна.

АНУ Японыг үүнд хамруулахыг их сонирхож байна. Юу гэвэл тус улс өөртөд нь таатай том зах зээл болсон. Япон улс эл асуудлаар хоёр хэсэгт хуваагдсан билээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт Номхон далай дамнасан түншлэлд нэгдэх асуудлаар хэлэлцээ хийж эхлэхээр шийдвэрлэжээ. Үнэн хэрэг дээр Хятад улсын эсрэг байгууллага бий болж байна. БНХАУ-ыг мөн байгууллагад элсэхийг уриагүй. Гэсэн ч элсэх замыг ч албан ёсоор хаагаагүй. Хятад, АНУ-ын эдийн засгууд харилцан хамаарах шинж чанартай. Юу гэвэл Хятад улс америкийн төрийн их хэмжээний облигацтай санхүүгийн чухал түнш болжээ.

Гэвч юанийн ханшийг зориуд доошлуулж, хятадын экспортын дайралтад зам тавьсан гэж америкийн талаас Хятад улсыг аль хэдийнэ зэмлэж эхлэсэн юм. Керри Хятад улсад айлчлах үеэрээ санхүүгийн хүрээнд ямар харилцаа тогтоохыг мэдэхийн тулд БНХАУ-ын удирдлагын байр суурийг тодруулахыг оролдох байх» гэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Азийн орнуудаар аялахдаа Япон Хятадын хоорондын түгшүүртэй харилцааг зөөлрүүлэхийг хичээх нь эргэлзээгүй. Өнөөгийн нөхцөлд Япон улс АНУ-тай эвсэж, Ази Номхон далайн бүс нутагт Хятад улстай оновчтой түншлэх нь эдгээр улсын эдийн засгийн ашиг сонирхолд нийцэнэ гэж Такусёку их сургуулийн профессор ноён Сато Хэйго хэлээд

«Ерөнхий сайд асан Нода Хятад улсын эсрэг үг хэлэхгүй байсан. Тэрээр Хятадын үр нөлөө өргөжиж, хятад-америкийн харилцаа сайжирч байгаад тайван хандсан. Юу гэвэл Ази Нмохон далайн бүс нутгийн тогтонги байдал Нодагийн гол стратеги байсан юм. Харин шинэ ерөнхий сайд Абэ хятадын эсрэг үг заримдаа хэлж байна.

Япон улс япон-америкийн харилцааг л АНУ-ын хувьд урьтлал болгохыг хичээж байна. Гэвч найдвартай түншийн хувьд Хятад улстай сайн харилцааг төлөвшүүлэх нь Японд ч АНУ-д ч чухал юм. Харин энэ зорилгод хандах АНУ-ын ба Японы хандлага өөр өөр байна. Иймээс Япон, АНУ хоёр Керрийн айлчлалын үеэр хятадын чиглэлээр тодорхой алхамуудыг уялдуулан зохицуулахыг хичээх бололтой гэж бодож байна» гэв.

Ази Номхон далайн бүс нутагт харилцаа нэлээд өөрчлөгдөж байгаа нь тод зүйл. Бүс нутгийн орон бүхэнтэй харилцах нэг ёсны гүүр бий болгох амаргүй зорилт АНУ-д тулгарсан юм.