«Валютын дайнд» ялагчид дэлхийд эрх барих юм. Хятад улс үүнийг анхаарсан байх. Дэлхийд юанийг улам сонирхох болно гэж «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгсөн шинжээчид тааварлав.Бүр 2015 он гэхэд Хятад улсын гадаад худалдааны гэрээ хэлэлцээрийн гуравны нэгийг юаниэр байгуулна гэж британи-хонконгийн HSBC банкны шинжээчид үзэж байна.

Одоогоор юанийн хувь тийм их биш гэж Хятадад суугаа тус банкны төлөөлөгч Хэ Шуньхуа мэдээлэв. Хятад улс дэлхийн худалдаанд тэргүүлж байгаа боловч гадаадын түншүүдтэй хийх тооцоолт ба гадаадад оруулах хөрөнгөд юанийн хувь 10-аас хэтрэхгүй байна гэж тэрээр онцлов.

Ойрын жилүүдэд байдал өөрчлөгдөнө.Хилийн чанадад хятадын компаниудын санхүүгийн үйл ажиллагаа идэвхжих юм. Гадаадын эд хөрөнгө худалдан авах гэрээ хэлэлцээрийн тоо өсөн нэмэгдэнэ. Гадаадын компаниуд зээл авч, дэлхийн санхүүгийн зах зээлд үнэт цаасаа юаниэр гаргана гэж Хэ Шуньхуа үзэж байна.

Үүний ачаар бүр 2015 онд Хятадын гадаад худалдааны эргэлтийн гуравны нэгийг юаниэр үйлчлэх болно. Энэ нь доллар ба еврог олон улсын тооцоолтоос илүү идэвхтэй шахан зайлуулна гэсэн үг. Дэлхийн санхүүгийн хямралын эхний үед юанийн жинг олон улсын хэмжээнд эрс нэмэгдэв.

Тэр үед дэлхийн валютын ханш эрс хэлбэлзэж байсан. Юанийн байр суурь бэхжинэ гэж Орос улс дахь Дойче банкны тэргүүлэх эдийн засагч Ярослав Лисоволик үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«АНУ буюу Европт шинэ хямрал гарч болзошгүй. Доллар буюу еврогийн ханш тогтонги байна гэж итгэлтэй хэлж болохгүй. Иймээс олон улсын ба Оросын санхүүгийн хүрээнд юанийг улам сонирхох юм. Хятад дахь валютын нэлээд хатуу хзягаарлалт юанийг илүү эрчимтэй хэрэглэхэд тулгарсан асуудлын нэг боллоо. Гэвч хятадын талаас хязгаарлалтыг аажмаар зөөлрүүлж, юанийг янз бүрийн хэмжээнд идэвхтэй ашиглах боломж олгож байна» гэв.

Хятадын шинэ үеинхний удирдагчид олон улсын тооцоолтод юанийг доллар, еврогийн оронд ашиглах үйл явцыг идэвхжүүлэх зорилгоор бүхнийг хийх нь дамжиггүй. Энэ нь шинэ засгийн дүр төрхийг сайжруулах баталгаа болон ирээдүйн «валютын дайнд» өөрийгөө хамгаалах бамбай болно.

Хятадын залуу үеийнхний удирдагчид ийм дайнд ялах чадавхитай. Дэлхийд хоёрт орж байгаа хятадын эдийн засаг тэргүүлж буй АНУ-д ойртож байна гэж ФБК стратегийн магадлан шинжлэх газрын захирал Игорь Николаев хэлээд

«Валютын хүч нөлөө болон тэр олон улсын худалдаа, тооцоолтод ямар жинтэй болох нь эдийн засгийн хэр хэмжээ, үр бүтээлээс шууд хамаарна. Энэ талаар Хятад улс АНУ-ыг эрчимтэй гүйцэж байна. Мөн үйл явцыг тухайн байдлаас болж удаашруулж мэднэ.

Өрсөлдөгчид валютынхаа ханшийг хямдруулах механизмыг хэрэглэж байна. Гэвч Хятад улс дэлхийн эдийн засаг, худалдаанд хувь хэмжээгээ нэмэгдүүлнэ. Энэ нь юань объектив үүднээс олон улсын тооцоолтод илүү жинтэй валют болно гэсэн үг хийгээд зүй ёсны үйл явц» гэлээ.

Хятад хуч чадлаа мэдэрч, дипломат хэмжээнд ч «валютын дайнд» бэлэн байгаагаа мэдэгдлээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-ын сангийн сайд Жейкоб Льюг 3-р сарын 18-нд Бээжинд хүлээн авч уулзаж, доллартой харьцах юанийн солилцооны ханшийн сэдвийг бусад асуудлын дотор авч үзэж хэлэлцэв. Энэ нь хятад-америкийн харилцааны гол асуудлын нэг билээ.