Хятад улс дэлхийн зах зээлийн хүрээнд шинэ үсрэлт хийв. БНХАУ томоохон таван зэвсэг нийлүүлэгчийн нэг анх удаа боллоо. Стокгольмын олон улсын судлалын хүрээлэнгийн 2012 оны зэвсгийн худалдааны тухай шинэ илтгэлд энэ тухай өгүүлжээ. Энэ нь хүйтэн дайн эцэслэснээс хойш тэргүүлэх тавын эгнээнд гарсан анхны өөрчлөлт юм. Хятад улс дэлхийн томоохон зэвсэг нийлүүлэгчийн нэг болсон азийн анхны улс боллоо.

Магадлан шинжлэх төвийн тоо баримтуудаас харахад 2008-2012 онд ердийн зэвсгээр байгуулсан бүх гэрээ хэлэлцээрийн 5 хувь нь Хятад улсад ногдсон байна. Харин түрүүчийн таван жилд БНХАУ дэлхийн зэвсгийн экспортын дөнгөж хоёр хувийг хангаж байсан. Хятад зэвсгийн нийлүүлэлтийн өсөлт нь урьд хожим үзэгдээгүй хэмжээнд хүрч 162 хувь болсоны ачаар Их Британийг 5-р байрнаас шахан зайлуулжээ. Энэ үзүүлэлт урьд нь дэлхийд тэргүүлж байсан АНУ, ОХУ, Германи, Франц, Их Британи зэрэг таван улсын дундаж үзүүлэлтээс 13 дахин илүү өндөр юм.

Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин Хятадын үсрэлтийг хангасан өөр хүчин зүйлийг хөндөн ярихдаа: «Хятад улс бусдаас хямд үнээр худалдаж байгаа явдал давуу тал нь болов. Цэрэг-техникийн салбарт Орос улстай хамтран ажиллаж байгаа нь их нэмэр болсон байна. Бид зэвсэг худалдаж, зэвсэг үйлдвэрлэх зөвшөөрлийн бичиг түүнд өгсөн юм. Хятад улс Оросын тусламжтайгаар орчин цагийн их буу, тактикын пуужингийн зэвсэг, нисэх онгоцны хөдөлгүүр, зангилааг үйлдвэрлэж байна. Зөвшөөрлийн бичиг худалдахдаа Хятад улсаас түүнийг 3 дахь улсад үл худалдах болзол тавьсан. Гэвч Хятад жишээ нь их бууны калибрыг бага зэрэг өөрчилж, гадаадын зах зээлд гаргах тохиолдол гарсан. Ийн үзэгдэл аль хэдийнэ гарсан» гэв.

Пакистан, Египет, Бангладеш, Намиби, Шри-Ланк зэрэг улс хятадын зэвсгийн томоохон хулалдан авагч болсон. Зөвхөн сүүлийн жилүүдэд Пакистан Хятад улсаас 50 JF сөнөөгч онгоц, 203 МВТ-2000 танк авчээ. Хятад танкийн экспортоор Германи, Франц, Их Британи зэрэг улсаас тэргүүлж Орос улсын дараа хоёрт оров. Гол төлөв африкийн орнууд хятадын танкуудыг худалдан авч байна. Харин өрнөдийнхөн энэ зах зээлд Хятадад байр сууриа тавьж, хүний эрхийг зөрчиж байгаа африкийн дэглэмүүдийг зэвсэглэж байна гэж ямагт зэмлэдэг. Хятадын тал ийн зэмлэлийг няцааж, гэрээ хэлэлцээр ил тод байхын хамт зэвсэг худалдах олон улсын хэм хэмжээг нарийн чанд мөрдөж байгаагаа заадаг.

Дэлхийн зэвсгийн зах зээлд Хятад улсын хийсэн шинэ үсрэлт АНУ ба ЕХ-ны эгдүүцэл төрүүлэх бололтой. Тэдгээр хүний эрхийг зөрчиж байгааг шийтгэх арга хэмжээний хувьд хоёр зорилгоор хэрэглэж мэдэх технологи ба орчин цагийн зэвсэг Хятадад нийлүүлэхийг хориглосоор байна. Хятад улс өрнөдийн технологи, зэвсгийг чадамгай хуулж, ахин нийлүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвараа зузаатгаж болзошгүй гэж ЕХ үзэж байна. Иймээс дэлхийн зэвсэг нийлүүлэгчдийн цэст Хятадаас бага зэрэг тэргүүлж байгаа Германи Франц хоёр улс БНХАУ-д орчин цагийн зэвсэг нийлүүлэхийг хориглосон ЕХ-ны арга хэмжээний талаар байр сууриа улам хатуу болгож мэднэ.

Мөн АНУ ба Ази дахь түүний холбоотнуудын шахалтаар тэгж болзошгүй. Жишээ нь Япон улс янз бүрийн хэмжээнд Брюссельд хандан зэвсэг Бээжинд нийлүүлэхийг хориглосон арга хэмжээг цаашид үргэлжлүүлэхийг удаа дараа уриалсан билээ. Өнөөдөр Японы засгийн газар францын хөлөг онгоц үйлдвэрлэх томоохон DCNS корпораци Хятад улстай хэлэлцээр байгуулсанд сэтгэл тугшиж байгаагаа Парист илэрхийлэв. Энэ хэлэлцээрийн дагуу нисдэг тэрэг цаг уурын байдал зохисгүй нөхцөлд хөлөг онгцон дээр буух ажиллагааг хөнгөтгөх төхөөргийг Хятадад худалдах юм.