Ромын шинэ пап Франциск анхныхаа мөргөлийг сонгогдсоныхоо маргааш өглөө нь хийсэн байна. Гэгээн Пётрийн талбай дээр 3-р сарын 13-ны орой цагаан утаа суунагласан юм. Буэнос-Айресийн кардинал Хорхе Марио Бергольог сонгохын тулд конклавт таван удаагийн санал хураалт бүтэн хоёр хоног шаардагдсан байна.

3-р сарын 19-нд болох папын суудалд суух ёслолын ажиллагаанд Ватикан бэлтгэж байна. Дэлхийн ихэнх улсуудаас маш олон төлөөлөгчид ирэх болно. Төрийн Думын дарга Сергей Нарышкин тэргүүтэй парламентын төлөөлөгчид ОУ-ын хууль тогтоох байгууллагыг төлөөлөх болно. Харин Оросын Үнэн алдартны шашны сүм хийдийн төлөөлөгчдийг Сүм хийдийн гадаад харилцааны хэлтсийн дарга лам Илларион тэргүүлэх юм байна. Өнгөрсөн зууны 70-аад оны үед шинэчлэгч пап 6-р Павлын үеэс уламжлаж ирсэн загвараар ёслолын ажиллагааг явуулна. Пап бол Бурхан багшийн газар дээрх залгамжлагч гэсэн хуучинсаг үзэл бодлыг өөрчилсөн тэр Павлыг дээр дурдаж байна.

Түүнээс хойш пап бол анхны пап Гэгээн Пётрийн хойд дүр гэж үзэх болсон юм. Мөн папыг хаан ширээнд залах ёслолыг өөрчилсөн юм гэж Ватиканы талаарх шинжээч Екатерина Сантони-Синицына ярьж байна: «Папыг суудалд нь залах орчин үеийн ёслолын ажиллагаа Гэгээн Пётрийн талбай дээр болдог юм. Папын мөрөнд нь тууз зүүж өгөх, кардиналууд дуулгавартай байх тухай амлалт өгөх, “загасчны бөгж” зүүх зэрэг ажиллагаа энэ ёслолд багтдаг юм. Папыг залах ёслолын төгсгөлд тэрээр бүх уригдагсадад мэндчилгээ дэвшүүлнэ. Дараа нь тэрээр Гэгээн Пётрийн талбай дээр хуран цугларсан олон түмэнд хандаж ном хурна» гэж тэр ярилаа.

Одоохондоо бүх католик ертөнц шинэ папыг анхааралтайгаа ажиглаж байна. Түүний хэлсэн үг, хийсэн бүхнийг хэлэлцэж байна. Үнэхээр өндөр сэтгэгдэл төрүүлж байна гэж Словак улсын лам Петр ярьж байна: «Би түүний тухай урьд нь сонсож байгаагүй юм. Харин тэр маш энгийн, ард түмэнд нээлттэй, маш чимээгүй амьдардаг бүр ядуу гэж сонсож байсан юм. Тэр маш ухаантай, өндөр боловсролтой хүн юм. Өөрийнхөө тухай үлдээж байгаа анхных нь сэтгэгдлээр л тэр надад таалагдаж байна. Жишээ нь түүнийг сонгосны дараа тэр Гэгээн Пётрийн талбай дээр цугларсан хүмүүс болон дэлхий дахиныг адисласны дараа ч тусгай машинаар явахаас татгалзаж, бусад кардиналуудтайгаа хамт зочид буудалдаа эргэн очсон юм. Тэр өөрөө хувцсаа бэлтгэж, түүнийгээ өөрөө өргөж, өөрөө өрөөнийхөө хөлсийг төлж байсан юм. Эдгээр нь маш чухал зүйлүүд бөгөөд бүр одоо тэр маш сайн пап болно гэж ярьцгааж байна» гэж тэр ярилаа.

Яг л ийм энгийн нээлттэй байдлаараа Франциск пап дэлхийн шашин хоорондын хэцүү асуудлуудыг шийдвэрлэх болно гэдэгт католик сүм хийдийнхэн итгэлтэй байна. Шинэ папын албан ёсны нэр нь Франциск юм. Католик сүм хийдийн түүхэнд ийм нэр хэзээ ч байгаагүй юм. Харин хоёр нэртэй зүтгэлтэн байсан юм. Нэг нь францисканчуудын одонг үүсгэн байгуулагч Ассизын лам Франциск юм. Папд хатуу захирагдах, өвчин зовлонтой хүмүүсийг асрах, ядуучуудад туслах зэргийг францисканчуудын дүрмэнд заасан байдаг юм. Хоёрдах нь Франциск Ксаверий юм. Энэ шашин номлогч иезуитуудын одонг үүсгэн байгуулсан юм. Харин одоогийн шинэ пап Гэгээн суудлын түүхэн дэх анхны иезуит пап юм.

Энэ хоёр гэгээн Францискуудыг сүмд уламжлал ёсоор бишрэн шүтдэг ба шинэчлэгчид гэж тооцдог юм. Одоогийн пап шинэчлэгч болж чадах уу? Хорхе Марио Бергольо бол үр хөндөлт, хүнд өвчинтэй хүнийг тариа хийж хороох, ижил хүйстнүүдийн гэр бүл зэргийг эсэргүүцэгч гэдгээрээ нэртэй юм. Ямар нэгэн халдвар авахгүй тулд бэлгэвч хэрэглэхийг кардиналууддаа тэрээр зөвшөөрсөн бөгөөд хууль бус төрсөн хүүхдүүдийг загалмайлахаас татгалздаг лам нарыг тэрээр шүүмжилж байжээ. Лам нар гэр бүл болох ёсгүй гэдэг хуулийг өөрчилвөл сүм хийдэд хүүхэд хүчинддэг асуудлыг устгаж болно гэж шинжээчид үзэж байна. Харин энэ асуудал нээлттэй хэвээрээ байна. Ватиканы банк болон Ватиликс гэгч хэргийн талаар пап ямар шийд гаргах нь одоохондоо ойлгомжгүй байна.

Кардинал Бергольог Гэгээн Петрийн суудалд суусантай нь холбогдуулан ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэсэн байна. Оросын Үнэн алдартны шашны сүм хийдийн тэргүүн ч баярын цахилгаан утас илгээсэн байна. Үнэн алдартны шашинтнууд болон католик шашинтнууд өнөөдөр хүчин чармайлтаа нэгтгэнэ гэдэгт Тэргүүн хамба Кирилл итгэлтэй байна. Манай гаригийн өнцөг булан бүрт гадуурхагдан хөөгдөж, туугдаж байгаа христос шашинтнуудыг хамгаалахад энэ нь зайлашгүй чухал юм. Мөн орчин цагын нийгэмд ёс суртахууны уламжлалт үнэ цэнэтэй зүйлийг шингээж өгөхөд тустай билээ.

Гэрэл зураг