Си Зиньпин Хятад улсын бүрэн эрхт удирдагч нь боллоо. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын \БХАТИХ\ чуулганаар түүнийг БНХАУ-ын даргаар сонгосон байна. Ийнхүү 11-р сард нөхөр Си ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг авснаар эхэлсэн БНХАУ-ын удирдагчийг сонгох урт хугацааны аян өндөрлөлөө.

БХАТИХ-ын 12-р чуулган дээр түүний нэрийг нууцаар сонгосон байна. Бүх төлөөлөгчдийн саналыг тоолсны дараа бараг 3000 төлөөлөгчөөс нэг хүн татгалзаж, гурван хүн түдгэлзсэн нь илэрчээ. Хятад улсад ирээдүйн удирдагчдийн нэр нь албан ёсоор зарлахаас хамаагүй өмнө тодорхой болдог тийм улс төрийн системтэй юм.

Нөхөр Си ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болно гэдэг нь хэдэн жилийн өмнөөс тодорхой болсон боловч тэрээр дөнгөж өнгөрсөн 11-р сард албан ёсоор энэ суудлыг эзэлсэн юм. БХАТИХ-ын чуулга юмуу, ХКН-ын их хурал гэх мэт иймэрхүү үйл ажиллагаан дээр эрс өөрчлөлт, санамсаргүй зүйл гарахгүй гэж МУИС-ийн Орос, хятадын харилцааны судалгааны төвийн удирдагч Евгений Зайцев тэмдэглээд

«Жишээ нь индэр дээр хятадын Борис Ельцин гарч ирээд улс орныг үндсээр нь өөрчлөх цаг үе ирлээ гэх мэт санамсаргүй зүйл гарах магадлал маш бага юм. Энэ үйл ажиллагааг маш нарийн төлөвлөж, хянуур бэлтгэсэн юм. Хэрвээ ямар нэгэн санамсаргүй зүйл гарвал түүнийг ХКН-ын удирдагчид өөрсдөө санаачилсан байдаг юм» гэлээ.

БХАТИХ-ын 12-р чуулган дээр нөхөр Сиг Хятадын Цэргийн төв зөвлөлийн тэргүүнээр мөн сонгосон байна. Харин 11-р сард тэрээр ХКН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн даргаар сонгогдсон юм. Өөрөөр хэлвэл Си Зиньпин армийг улсын талаас нь ч намын талаас нь ч хянаж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь тэрээр асар богино хугацаанд төрийн бүх эрхийг гартаа авч чадсан юм. Жишээ нь, Ху Зиньтао намын тэргүүнээр сонгогдсноосоо хойш хоёр жилийн дараа л ерөнхий дээд командлагч болж байсан юм.

Харин  Си Зиньпин өөрийн залгамжлагчаасаа ихэд ялгаатай байгаа юм. Ялангуяа Си Зиньпиний улс төрийн хэв маяг нь түүнийг ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон өдрөөс эхлэн ажиглагдсан гэж “Власть” сэтгүүлийн ерөнхий редактор Александр Габуев ярьж байна.

«Тэрээр ТХ-ны Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг танилцуулах ёслолын ажиллагаан дээр  сэтгүүлчидэд зориулж товч илтгэл тавьсан юм. Уул нь хуучин ёсоор бол ТХ-ны Байнгын хорооны гишүүд бүгдээрээ индэр дээр гарч ирээд дув дуугүй зогсож, сэтгүүлчдийн өмнөөс инээмсэглэж байгаад зургаа татуулаад арилж өгдөг юм. Харин Си Зиньпин товч үг хэлсэн бөгөөд түүнд марксизм, социализм зэрэг үзэл сурталын үг хэллэг огт байгаагүй юм.

Үүний оронд тэр ажилгүйдэл, эдийн засгийн хөгжлийн удаашрал, тэтгэвэрийн тодорхой систем байхгүй байгаа, авилгал газар авч байгаа зэрэг хүмүүсийн сэтгэлийг бодитойгоор зовоож байгаа асуудлуудыг ярьсан юм. Түүний засгийн газар ойрын 10 жилд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно гэж Си амалсан гэж Александр Габуев хэллээ.

БНХАУ-ын дарга болсны дараа баяр хүргэсэн эхний хүмүүсийн нэг нь Владимир Путин байлаа. “Хятад улс тасралтгүй хөгжиж, ард түмэн нь аз жаргалтай байхыг” ОХУ ерөнхийлөгч хүсэн ерөөсөн байна. Орос, хятадын харилцаа бол “даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын маш чухал нэг бүрдүүлэгч хэсэг нь” гэж Путин онцлон тэмдэглэсэн байна. Си Зиньпин өөрийн зүгээс ОХУ-ын ерөнхийлөгчид талархал илэрхийлээд хоёр улсын харилцаанд онцгой анхаарал хандуулна гэж амалсан байна.