Өрнөдийн хөрөнгөтөн нийгмийн хаа сайгүй тааралдах өлсгөлөн, ядуурал болон бусад муу муухайг дүрс бичлэгээр харуулжээ. Энэ бичлэгийг умардын телевизийн нэвтрүүлгүүдийг нийтэлдэг  германы хэрэглэгч You Tube сувагт гаргажээ.

“Хөрөнгөтөн нийгмийн харанхуй бодит амьдрал” цуврал нэвтрүүлэгт нэн ядуу, гудамжинд орогнодог орон гэргүй хүмүүс хээрийн нөхцөлд хоол авахаар дараалалд зогсож байгааг харуулжээ. Дүрсний цаана хүчирхийлэл, АНУ-д чөлөөтэй зэвсэг худалддаг тухай өгүүлнэ. Энэ үеэр зэвсэг зардаг дэлгүүрүүдийг, “Сэнди хук” сургуулийн буудлагад нэрвэгдсэн хүмүүсийг ээлжлэн харуулна.

Бичлэгийн цаад утга нь хөрөнгөтөн орнууд бол хяналтгүй хүчирхийлэл, хаа сайгүй ядууралтай мэтээр өгүүлж байна. Энэ утгаараа Умард Солонгос нь харин бүр эсрэгээр бүх нийтийн амар амгалан, тэгш эрхийн орон мэт гарч байна.

Дүрс бичлэг нь ийм маягийн сурталчилгааны анхных биш юм. Өмнө нь БНАСАУ америкийн цэргүүд цөмийн дэлбэрэлтийн улмаас шатаж байгаа мэтээр монтаж хийсэн бичлэгийг You Tube дээр гаргаж байсан. Дагалдах бичвэрт АНУ өөрийн түрэмгийллээр Умардыг цөмийн туршилтууд хийхэд хүргэсэн гэжээ.

Гэтэл You Tube рүү Call of Duty тоглоомын зохиогчид хандаж, уг бичлэгт тэдний тоглоомын хэсгүүдээс авч ашиглаж, зохиогчийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн гэж гомдоллосон тул уг бичлэгийг You Tube устгажээ. Өөр нэг ухуулга сурталчилгааны дүрс бичлдэгт умардын нэгэн залуу Нью-Йоркийг цөмийн бөмбөгөөр устгаж байгаа тухай зүүдэлж байгааг харуулжээ.