Ли Кэцян БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд болов. БНХАУ-ын дарга Си Зиньпин түүнийг мөн албан тушаалд дэвшүүлсэн юм. Манай сурвалжлагч Артём Кобзев Бээжингээс уламжлахдаа:

57 настай Ли Кэцян Коммунист залуучуудын эвлэлийн бүлэг гэгчэд хамаарагддаг. Хятадын коммунист залуучуудын эвлэлд албан тушаал хашиж ахисан хятадын улс төрчдийг шинжээчид ингэж нэрлэсэн юм. Саяхан албан тушаалаа Си Зиньпинд залгамжлуулсан БНХАУ-ын дарга Ху Зиньтао «Коммунист залуучуудын эвлэлийн бүлгийн» хамгийн их нөлөөтэй гишүүн байсан юм. Ли Кэцян Ху Зиньтаогийн тусламжтайгаар Төрийн зөвлөлийн ерөнхий сайд болсон гэж шинжээчид үзэж байна.

Ли Кэцян Аньхуэй мужийн түшмэлийн гэр бүлд төржээ. Ли нэр хүндтэй Бээжингийн их сургуулийн хууль зүйн факультет дүүргээд дээд боловсролтой болсон юм. Тэрээр эдийн засгийн ухааны доктор юм. Ли Кэцян нэгэн үед Ху Зиньтаогийн удирдлагаар Хятадын коммунист залуучуудын эвлэлийн ТХ-нд ажиллаж байсан явдал цаашдын хувь заяанд нь чухал ач холбогдолтой болсон .

Тэрээр залуу байхдаа либерал үзэл санааг баримталж, оюутны хөдөлгөөнд ойр байсныг зарим шинжээч тэмдэглэв. Гэвч 1989 онд Ли Кэцян Тяньаньмэнь талбайд оюутны эсэргүүцлийн жагсаал хийснээс хойш оюутны удирдагчдыг хэт радикал үзэл баримтласан гэж шүүмжилжээ.

Тэрээр 1993-1998 онд Хятадын КЗЭ-ийг тэргүүлжээ. Дараа нь ядуу Хэнань мужийн засаг дарга болсон байна. Ли Кэцян сайн захирагч гэдгээ харуулав. Хожим Ляонин мужид хүрэлцэн очжээ. Тэнд Ли Кэцян уран чадвараа зохих ёсоор илрүүлсэн байна. Тухайлбал түүнийг эрх барьж байсан үед Далянь боомт хот цэцэглэн хөгжиж, одоо Хятадын хөгжингүй таван хотын нэг болсон юм.

2007 онд Ли Кэцян ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын хорооны гишүүн болов. Тэр үеэс хойш түүнийг ерөнхий сайд Вэнь Зябаогийн залгамжлагч хэмээн үзсэн юм. Энэ таавар одоо Бээжинд чуулан хуралдаж байгаа БХАТХ-ын 12-р чуулган дээр биелэв.