2014 оны Сочийн Өвлийн Олимпийн наадмын бэлтгэл ажил 80 гаруй хувьтай явагдаж  байна. Энэ тухай ОУОХ-ны зохицуулах хорооны төлөөлөгчдөд Орос улсын засгийн газрын шадар сайд Дмитрий Козак мэдээллээ. Олимпийн хорооны байцаагчид Хар тэнгисийн амралтын хотод ес дэхь удаагаа айлчилж байгаа бөгөөд энд үзсэн зүйлдээ тэд сэтгэл хангалуун үлджээ.Тэд дахин нэг удаа шалгалт хийх л үлдээд байгаа юм.

Сочи-2014 зохион байгуулах хороо нь ОУОХ -ны комиссийн өмнө 54 арга хэмжээ явуулснаа тайлагнажээ. Комиссийн тэргүүн Жан-Клод Килли хэлсэн үгэндээ Олимпийн наадмын бэлтгэл ажил маш  эрчимтэй явагдаж байгааг тэмдэглээд, 2014 оны Олимпийн наадам олимпийн хөдөлгөөний түүхэнд хамгийн шинэлэг  байх болно гэж онцлон тэмдэглэв.

«Би Олон улсын холбоонуудын төлөөлөгчдийг хамтран ажилласан явдалд талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Бид  ирэх Олимпийн наадмын шинэ загварыг боловсруулсан гэж бодож байна.Сорилын арга хэмжээнүүдэд 50 мянган үзэгч оролцсон явдал бол Орос улсад явагдах Олимпийн наадмыг сонирхогчдын тоо байнга өсч байгааг гэрчилж байгаа сайхан үзүүлэлт юм» гэж Клод Килли хэллээ.

Тоглолтуудыг асар их сонирхож байгааг Олимпийн наадмын тасалбаруудын хөтөлбөрийн анхны үр дүнгүүд гэрчилж байна. Чухамдаа тасалбар худалдах эхний цагуудад 1-р зэрэглэлийн 1,5 мянган рубль хүртэлх /50 ам.долл./ үнэтэй тасалбарууд нь их хэмжээгээр худалдагдсан. Сочи-2014 наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко ярихдаа, юуны өмнө хүмүүс спортын уламжлалт тоглолтууд, тухайлбал, хоккей, уран гулгалт, биатлоныг сонирхож байсан гэв. Сочи-2014 наадмын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко хэлэхдээ

«Үндэсний судалгаануудыг явуулж байхад бид тэмцээнүүд их сонирхолтой өндөр түвшинд явагдах байх  гэж бодож байсан. Гэтэл бидний бодож байснаас илүү үр дүнд хүрлээ. Хэдхэн  цагийн хугацаанд тасалбарууд зарагдсан. Гэхдээ хөгжөөн дэмжигчдийг тайвшруулахыг хүсч байна. Цаашид тасалбарууд нь байнга худалдаанд гарч байх болно» гэлээ.

Орос улсын Засгийн газрын ерөнхий сайдын орлогч Дмитрий Козакийн ярьснаар, 2012-2013 оны улирлын 5 сарын хугацаанд спортын 10 объект дээр сорилын 42 арга хэмжээнүүд зохиогджээ. Мөн зохион байгуулалтын болон барилгын ажлын 85 хувь хийгдсэн гэж тэр нэмж хэлсэн.

Уулзалт өндөрлөх цаг дөхөх үед ОУОХ-ны төлөөлөгчид нь хамгийн “ногоон” барилга болон шинэтгэлийн төслүүдийн салбарын шилдэг төслүүдэд “Ирээдүйг угтана !“ шагнал гардуулах ёслолын арга хэмжээний гэрч болсон. Комисс дараагийхаа айлчлалыг энэ жилийн 9-р сард хийнэ.