АНУ, БНХАУ хоёрын харилцан кибер дайралт хоёр улсад их хохирол учруулж байна. Иймээс кибер орчинд эвлэрэх санал талууд дэвшүүлж болзошгүй. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн мэдэгдэл болон хакерын дайралттай холбогдуулан АНУ-аас тулгасан зэмлэлд Хятад улсаас өгсөн хариу үүнийг нотлон харуулсан гэж ПИР-төвийн зевлегч Олег Демидов узэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч «Эй-Би-Си» телевизийн сувагт ярилцлага өгч, улс орны нь кибер аюулгүй байдалд ноцтой аюул учирсныг мэдэгдэв. Төр засгаас аюултай зарим дайралтыг ивээн тэтгэж байна гэж тэрээр хэлээд кибер орчинд олон улсын хэм хэмжээг мөрдөхийг Хятад улсад хатуу уриалжээ.

Энэ нь Вашингтоноос хакерын дайралттай холбогдуулан Бээжинг албан ёсоор зэмлэсэн анхны тохиолдол гэж Олег Демидов үзэж байна. Хятадын талаас бас зэмлэсэн боловч кибер дайнаас сэрэмжлэх дүрмийг хамтран боловсруулахыг санаачлав. Талууд төр улсын хариуцлагатай хандлагын дүрмийн тухай анх удаа өгүүлснийг Олег Демидов тэмдэглээд

«Сөргөлдөөн гаарсныг дээрх хоёр мэдэгдэл харуулж байна. Стратегийн ашиг сонирхол нь хамгаалагдсан гэж нэг ч тал үзэхгүй байна. Хятадууд америкийн хариуд арга хэмжээний чадавхийг мэдэрсэн бололтой. Юу гэвэл АНУ-аас хятадын хакеруудын дайралтын хариуд идэвхтэй арга хэмжээ авч эхлэв. Хятадын хакеруудаас учруулсан хохирол маш их хэмжээнд хүрсэн учир АНУ энэ тухай албан ёсоор өгүүлж байна. Гэвч Бээжин кибер дайралтад хамаатай байгааг шууд нотлох аргагүй» гэлээ.

Барак Обамагийн хэлснээр кибер дайралтууд АНУ-д олон тэрбум долларын хохирол учруулж, аж үйлдвэрийн нууцыг алдахад хүргэж, америкийн компаниудын өрсөлдөх чадварыг сулруулж байна. Хакерууд компьютерийн сүлжээг нь дайрч байгаа явдал олон улсын терроризмээс илүү ноцтой аюул улс орны аюулгүй байдалд учруулж мэднэ гэж АНУ-ын тусгай албад үзэж байна.

АНУ-ын кибер давшилт Хятадын дэд бүтэц, эдийн засийг зогсонги байдалд оруулж мэдэхийг Бээжин ойлгохгүй байж чадахгүй. Кибер дайнаас сэрэмжлэх дүрмийн асуудлаар тохиролцох тухай Бээжингийн санал үүнтэй холбоотой гэж Олег Демидов тэмдэглэн хэлээд

«Эхний үед энэ нь олон улсын хатуу гэрээ болохгүй. Кибер орчинд харилцан явуулах ажиллагааны нэг ёсны хууль «зөөлөн эрх» гэгчийн хэм хэмжээ болох байх. Талуудаас хакерын дайралт үл хийх барилга байгууламжуудыг дурдаж болзошгүй. Кибер орчинд гарсан будлианыг харилцан мэдээлэх ямар нэг дүрмийг уялдуулан зохицуулж, утасны шууд холбоо тогтоож мэднэ. Вашингтон, Бээжин хоёр зан үйлийн хэм хэмжээний тухай өгүүлж эхлэсэн нь нааштай шинж тэмдэг» гэлээ.

Гэсэн ч талууд кибер дайнаас сэрэмжлэх асуудлаар тохиролцоогүй үед АНУ ч БНХАУ ч чухам кибер дайн хийх тусгай байгууллагуудыг бий болгож байна. Тэд кибер орчинг хамгаалах төдийгүй «хамгаалахаар дайран давшилж мэднэ». Эдгээр хоёр улс кибер орчинд эвлэрэхийг эрмэлзэхийн зэрэгцээ кибер дайнд бэлтгэл хийж байна.