Их Монгол улсыг үндэслэгч агуу их Чингис хааны онгоныг хаана байж болох талаар дэлхийн эрдэмтэд олон арван жилийн турш янз бүрийн хувилбаруудыг гаргаж ирсэн. Энэ удаагийн таамгийг Казахстаны эрдэмтэн Владимир Осколков гаргажээ. Интернетэд түүний хувилбарыг дуулиантай мэт хүлээн авчээ. Тэрээр Чингис хааны онгоныг нууцлахын тулд хэдэн мянган адуу тууж, уг газрыг тэгшилж, дараа нь морьтонгуудыг хөнөөсөн гэх домогоос арай өөр хувилбартай аж. Онголох  газрыг урьд өмнө хүний мөр гараагүй нутагт сонгосон ажээ.

Казахстаны эрдэмтний үзэж байгаагаар, ийм газар нь Зүүн Казахстаны Уулын Алтайн Ридерийн хотгор байж болох гэнэ. Владимир Осколков тэмдэглэхдээ, хотгорын судалгааны ажлын үеэр тэнд чулуун зэвсгийн үеийн хүний ул мөрийг илрүүлжээ.

Үүнээс хойш энд хүмүүс суурьшаагүй. Казахстаны судлаачдын үзэж байгаагаар, Их Монгол улсыг үндэслэн байгуулагч өөрийн биеэр нэгэн удаа  онголох газрыг Алтай байж болох мэтээр өгүүлж байсан  гэж батлан хэлжээ.

Энэхүү таамагт оросын эрдэмтэн судлаачид нилээд анхаарал хандуулж байна. Тэдгээрийн нэг Орос улсын тэргүүлэгч монгол судлаачдын нэг, түүхийн ухааны доктор Владимир Грайворонский Казахстаны эрдэмтний энэхүү мэдэгдэлийг ийм арга замаар нэр хүнд олж авах гэсэн башир арга гэж үзэж байна.

«Одоо үед Чингис хааны нэр маш их дэлгэрсэн тул, түүний нэртэй холбоотой ямар нэгэн шуугиан тарьсан цуу яриа гаргаж нэрд гарах гэсэн эрдэмтэд олон болжээ. Чингис хааныг онголсон  газрыг олон жил судлаж байгаа учраас, шарилыг Уулын Алтайд байж болзошгүй гэх хамгийн сүүлийн таамагийг шалгахад маш хэцүү.

Энэ бол таамагуудийн нэг. Монголд болон олон улсын монгол судлалын төвүүдэд эл хувилбар нь сайшаагдана гэдэг юу л бол. Мэдээж хэрэг зохиогч өөрийн таамагийг хамгаалж болох юм. Гэхдээ тэр нээлт хийж чадахгүй л болов уу» гэж В.Грайворонский хэллээ .

Одоо болтол хэн ч нээлт  хийгээгүй. Ингэхдээ зөвхөн хувилбарууд болон таамагууд л байдаг юм. Монголчууд их хааныхаа онгоныг нийслэл Улаанбаатар хотоос хойд хэсэгт орших Бурхан Халдун ууланд байдаг гэдэгт итгэлтэй байдаг. Хятадууд Чингис хааны шарилыг монгол-хятадын хилийн ойролцоо Алтайн нурууны бэлийн Хятадын нутаг дэвсгэрт байх ёстой гэдэгт итгэлтэй байдаг.

Учир нь их хаан тангад улстай дайтаж явах үедээ ертөнцийн мөнх бусыг үзсэн. Оросын түүхчид Чингис хааны шарилыг Тувад хайх нь зүйтэй гэж үздэг, учир нь агуу их цэргийн жанжны түүхэн эх орон нь эртний тувачуудын нутаг дэвсгэр дээр байжээ. Гэхдээ эдгээр газруудад ямар нэгэн малтлагын ажил явуулаагүй юм.

«Монголчуудын дийлэнхи нь уламжлал ёс заншлаа дагаад их хааныхаа онгоноор оролдохгүй байхыг хүсдэг. Учир нь “Монголын нууц товчоо”болон өөр бусад түүхэн сурвалж бичгүүдэд Чингис хааныг оршуулсан газрыг нарийн бичээгэй байдаг.

Энэ нь санамсаргүй хэрэг огт биш. Чингис хааны нэрийг ариун дагшин гэж үздэг, тэгээд ч их хааны онгоныг хайхыг “Их Хоригоор” хориглосон байдаг» гэж В.Грайворонский тэмдэглэжээ.

Монгол, Орос, Хятад, Казахстан улсуудын эрдэмтэд Чингисийн онгоныг хаана хайхтай холбоотой маш олон тооны таамагуудыг дэвшүүлсэн байдаг. Тэгвэл тэдгээр нь зүгээр л нэг оюун санааны тоглоом болж үлдэх бололтой.