Бээжинд БХАТХ-ын чуулганаас Си Зиньпинийг БНХАУ-ын даргаар сонгов. Энэ нь Хятад улсын дээд гурван албан тушаалын нэг юм. Өнгөрсөн оны 11-р сард нөхөр Си ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дээд ерөнхий командлагч зэрэг өөр хоёр дээд албан тушаал хаших болсон билээ.Өөрөөр хэлвэл БНХАУ-ын засгийн бүх эрх түүний гарт төвлөрсөн юм.

БХАТХ-ын 12-р чуулганаас Си Зиньпинийг БНХАУ-ын даргаар сонгосноор засгийн эрхийг хятадын «5 дахь үеийн» удирдагчдад уламжлах үйл явц төгсөв. Энэ үйл явц өнгөрсөн оны 11-р сард нөхөр Си ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон үед эхлэсэн билээ. Түүнийг Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон нь гэнэтийн үйл явдал болоогүй.

Хятадын улс төрийн системийн дагуу ирээдүйн удирдагчдын нэр усыг албан тушаалдаа албан ёсоор томилогдохоос нь нэлээд өмнө зарлан мэдээлдэг.Түүнчлэн БХАТХ-ын чуулган ч гэнэтийн үйл явдалгүйгээр болж өнгөрдөг гэж Москвагийн УИС-ийн Орос-хятадын судлалын төвийн удирдагч Евгений Зайцев хэлээд

«Борис Ельцин шиг хятадын зүтгэлтэн индэр дээр гарч, улс оронд үндсэн өөрчлөлт гаргана гэж хэлэх мэт гэнэтийн үйл явдал болохгүй. Арга хэмжээнүүдийг урьдчилан нарийн төлөвлөж бэлтгэсэн юм. ХКН-ын удирдлагаас сайшаасан гэнэтийн үйл явдал гэгч хаяа нэг болдог» гэв.

БНХАУ-ын удирдагчдын чиг бодлогыг залгамжлах нь хятадын улс төрийн бас нэг уламжлал юм. Шинэ удирдагч засгийн эрхэнд гарснаас хойш таван жил өнгөрсний дараа өөрийн чиг бодлоготой болдог. Гэвч нөхөр Си энэ агуулгаар өөр байна. Улс төрийн арга барил нь БНХАУ-ын дарга болохоос өмнө тодров. Үнэн чанартаа Си Зиньпин ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоны дараагаар чиг бодлого нь илрэн тодорсон гэж «Власть» сэтгүүлийн дэд эрхлэгч Александр Габуев хэлээд

«Тэрээр ХКН-ын УТТ-ны байнгын хороог танилцуулах ёслол дээр хөтөлбөрийн талаар товч үг хэлсэн юм. Ер нь УТТ-ны гишүүд тайзан дээр гарч, үг дуугүй зогсож, сэтгүүлчдэд хандан  инээмсэглж холдон явдаг. Гэвч Си Зиньпин үг хэлж, марксизм, социализм гэх мэт улигт нэр томъёог дурдаагүй байна. Түүний оронд тэрээр ажилгүйдэл, эдийн засгийн өсөлтийн удаашралт, тэтгэврийн тодорхой бус систем, авилгал зэрэг хүмүүсийн сэтгэлийг түгшүүлсэн асуудлыг хөндөж ярив. Ойрын 10 жилд засгийн газар нь эдгээр асуудал дээр ажиллаж шийдвэрлэнэ гэж тэрээр амласан» гэв.

Ху Зиньтаог бодоход Си Зиньпин нам, улс төр, цэргийн эрхийг гартаа бүрэн авсныг нэмж хэлье. Тэрээр бүр 11-р сард ХКН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн дарга болсон. Одоо БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн тэргүүнээр сонгогдов. Өөрөөр хэлвэл нөхөр Си намын ч, улс төрийн ч, дээд ерөнхий командлагч болжээ. Зян Зэминь цэргийн салбарын хяналтыг Ху Зиньтаод БНХАУ-ын дарга болсноос нь хойш хоёр жил өнгөрсний дараа уламжласныг харьцуулж үз л дээ.