Сансарын аюулыг анхааруулах болон хариулт өгөх нэгдсэн төвийг ОУ-д байгуулж эхэлсэн тухай Роскосмос агентлагын тэргүүн Владимир Поповкин мэдэгдлээ. Сансарын аюулын тухай хүн төрлөхтөн сүүлийн үед нилээд ул суурьтай бодож эхэллээ. 2-р сарын 15-нд Челябинск хотод солир унасан тухай дэлхий даяараа мэдлээ. Энэ солир манай дэлхийн агаар мандалд Казахстан улсын дээр орж, ОУ-ын хэд хэдэн мужийн дээгүүр галан бөмбөлөг үүсгэн нисэж Уралын нуруунд унасан юм.

Дэлбэрэлтийн давалгаанд олон байшингийн цонх хагарсан байна. Хэдэн зуун хүн эмнэлэгт хэвтсэн байна. Сансарын урилгагүй зочин дэлхийнхийг айлгалаа. Өнөөдөр солирын болон сүүлт одны аюул үнэхээр бодитой гэдгийг харуулсан гэдэгт Оросын ШУА-ийн Одон орны хүрээлэнгийн захирал Борис Шустов итгэлтэй байна.

«Бодит гарал үүсэлтэй сансарын биетүүд асар олноороо манай дэлхий дээр унаж байдаг юм. Тэдгээрийн нийт жин нь хэдэн арван тонноор хэмжигддэг юм. Ихэнх хэсэг нь бидэнд аюул учруулахааргүй хэмжээтэй тоосон хэлбэртэй байдаг юм. Аюултай тэнгэрийн биетийн доод хэмжээг 40-50 метрийн голчтой гэж үздэг. Энэ нь Тунгусын солирын ойролцоо хэмжээ юм. Дэлхийтэй мөргөлдөж байгаа ийм тэнгэрийн биетийн гаргаж байгаа дундаж эрчим хүч нь маш их хүчин чадалтай халуун цөмийн төхөөрөмжийн гаргаж байгаа эрчим хүчтэй тэнцэнэ» гэж тэр ярилаа.

Сансарын биетүүдийн ажиглалтад мониторинг хийх бүх дэлхийн систем болон аюултай солирыг устгах хэрэгсэл бүтээхийг оросын эрдэмтэд санал болгож байгаа юм. Сарны ойролцоо солируудыг ажиглах систем байгуулах нь эдгээрийн нэг хувилбар юм. Жишээ нь тэнгэрийн томоохон биетүүдийн хөдөлгөөнийг ажиглах гурван сансарыг судлах төвийг хөөргөж болно гэж “Энергия” пуужинт, сансарын нэгдлийн ерөнхийлөгч Виталий Лапота ярьж байна.

«Сарны ойролцоо Лагранжийн цэг гэж байдаг юм. Энэ цэг дээр сансарын аппаратууд Дэлхий-Сар гэсэн системтэй харьцангуйгаар хөдөлгөөнгүй байж болох юм. Дэлхийгээс 400 мянган километрийн зайд байгаа энэ цэг дээр станцуудыг байрлуулснаар солирын гурван сувагт эзэлхүүн бүхий ажиглалтыг хийж болно. Харин үүнийг нэг улс орон хийх боломжгүй юм. Энэ нь маш хүчирхэг олон улсын нэгдэл байх ёстой юм» гэж В.Лапота хэллээ.

Тэнгэрийн аюултай биетүүдийг хоргүй болгохын тулд ажиглагч хиймэл дагуул, тагнуулын хиймэл дагуул, амдан сөнөөгч хиймэл дагуул гэсэн 3 сансарын аппарат шаардлагатай юм гэж “Гариг дэлхийн хамгаалалтын төв”-ийн захирал Анатолий Зайцев тэмдэглээд

«Тэнгэрийн аюултай биетийг илэрүүлсний дараа түүн рүү сансарын тагнуулын аппаратыг хөөргөнө. Үүний дараа кинетикийн юмуу цөмийн хэрэгсэлтэй амдан сөнөөгч сансарын аппаратыг хөөргөх болно. Хөөргөлтийн маш богино хугацаа шаардагддаг орос, украины “Зенит” пуужин тээгчийг эдгээр сансарын аппаратуудыг хөөргөхөд ашиглахыг санал болгож байна. Ийм сансрын бүлэглэлийн тусламжтайгаар бид манай дэлхийд ойртон ирж байгаа бүх солируудын 99,5% нь болох арваас хэдэн зуун метрийн голчтой объектуудаас эх дэлхийгээ хамгаалж чадах юм» гэв.

Энэ сэдвийг Росатом компанийн ажилтан Олег Шубин үргэлжлүүлэн хэлэхдээ «Цөмийн дэлбэрэлтийн цохилтын давалгаанд цохиулсан солир 10 метрийн голчтой хэсгүүд болон хуваагдана. Энэ маш бага хэмжээтэй солирын хэлтэрхийнүүд манай дэлхийн агаар мандалын дээд давхарагт шатна. Ингэж солирыг амдан сөнөөж устгах нь маш гоё харагдана, гэхдээ хүн амд аюулгүй юм» гэлээ.

Солироос хамгаалах нэрийдлээр сансарын зэвсэг хэрэглэх боломжийг гаргуулахгүй байх ёстой гэдгийг эрдэмтэд тэмдэглэж байна. Үүний тулд сансарт зэвсэг турших болон хуримтлуулах бүхий л боломжийг таслан зогсоох олон улсын зохих баримт бичгийг боловсруулах шаардлага урган гарч ирж байгаа юм.