Америк, өмнөд солонгосын хээрийн сургуульд оролцсон америкийн усанд шумбагч онгоцууд тодорхойгүй хугацаагаар солонгосын хойгын эргийн усанд үлдэнэ. Энэхүү мэдээллийг Сөүлийн Кунмин их сургуулийн оросын профессор Андрей Ланьков ийнхүү тайлбарласан байна.

Цэргийн талаас нь аваад үзвэл энэ шийдвэр нэг их ач холбогдолтой биш. Умард Солонгос улс, Өмнөд Солонгос улс руу шууд дайрна гэдэг нь магадлал багатай юм. Америкийн усанд шумбагч онгоцууд Солонгосын хойгт хэт ойрхон байх нь ч тус бүс нутгийн тэнцвэртэй байдалд тэгтлээ нөлөөлөхгүй.

Энэ шийдвэрийг санаачлагчдын гол зорилго нь гадаад бодлогод хамаатай юм. Хятадад дарамт үзүүлэх гэсэн АНУ-ын ээлжит оролдлогыг бид харж байна. Умард Солонгос улсын дайсагнасан, өдөөн хатгасан мэдэгдлүүд нь эцсийн эцэст Хятад улсын удаан хугацааны ашиг сонирхолд хортой гэдгийг Бээжинд итгүүлэх нь энэ дарамт шахалтын зорилго юм.

Пхеньяний эсрэг авсан ямар ч хориг арга хэмжээнүүд болон хамтын хүчээр шахалт үзүүлэх гэсэн оролдлого ямарч үр дүн өгөхгүй байгааг сүүлийн жилүүдийн туршлага харууллаа. Заналхийлэл, асар их тусламжийн амлалт зэргийг үл тоомсорлон умард солонгосын засгийн газар өөрийн улс орноо удаан гэхдээ эргэлт буцалтгүйгээр цөмийн пуужинт гүрэн болгон хувиргаж байна. Харин үүнд Сөүл ч, Вашингтон ч саад учруулж чадахгүй байна.

Умард Солонгос улсыг зөвхөн Хятад улс л хөдөлгөж чадна гэж тэд үзэж байгаа юм. Үнэндээ одоо Хятад улс л БНАСАУ-д хүнсний тусламж гол нийлүүлэгч нь болоод байна. Хятад л Умард Солонгосын гадаад худалдааны дөрөвний гуравыг хянаж байна. Тэгэхлээр Бээжин Пхеньянд нөлөөлөх гол түлхүүрийг барьж байна гэсэн үг. Хятадын удирдлагуудыг энэ түлхүүрий нь ашиглуулахын тулд Умард Солонгос улс эцсийн эцэст Хятад улсад хор учруулж байгаа гэдэгт итгүүлэх ёстой юм.

Өмнөд солонгосын нутгийг буудаж байгаа умард солонгосын буудлага бүрийг, цөмийн туршилт болон пуужингийн хөөргөлт болгоныг тус бүс нутагт америкийн цэргийн оролцоог нэмэгдүүлэх шалтаг болгон ашиглаад байвал үүнийг хийхэд амархан гэсэн санал ч байгаа юм. Умард солонгосын давшилтыг зогсоох, хэрвээ тийм дайралт болвол Умард Солонгос улсад хариу цохилт өгөхийн тулд америкийн цэргүүд тус бүс нутагт очдог юм.

Харин бодит байдал дээрээ тэд өөрийн оролцоогоороо Бээжингийн уур уцаары нь хүргэх зорилготой юм. Эцсийн эцэст цаашид Умард Солонгос улсыг дэмжих нь Хятад улсын удаан хугацааны ашиг сонирхолд нийцэхгүй гэдгийг БНХАУ-ын удирдлагад ойлгуулахын тулд энэ бүхнийг хийгээд байгаа юм.

Гэхдээ энэ найдвар нь үндэслэлгүй, учир нь яг Умард солонгосыг дэмжих явдал нь БНХАУ-ын стратегийн удаан хугацааны ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Олон улсын тавцан дээр Умард Солонгос улсын гаргаж байгаа ааш аяг Хятад улсын дургүйг хүргэж байгаа. Гэхдээ Умард Солонгос улсыг дэмжих явдлаа зогсоовол тус орныг улс төрийн хурц хямралд оруулж, бүр Ким Чен Ыны дэглэмийг тогтворгүй болгож мэднэ гэдгийг тэд сайн ойлгож байгаа.

Умард Солонгос улсад хямрал болох нь Солонгосын хойг АНУ-ын холбоотон Сөүлийн хяналт дор нэгдэнэ гэсэнтэй адилхан бөгөөд энэ нь Хятадын хувьд хамгийн тааламжгүй ирээдүй юм. Холбоотон Вашингтоны мэдэлд очих нэгдсэн Солонгос улс юмуу эсвэл Солонгосын хойгын хямралын учрыг олох гэж байснаас Шар, Япон тэнгист байнга байрлах америкийн нисэх онгоц тээгч хөлөг, усанд шумбагч онгоцуудын оролцоотой эвлэрээд сууж байсан нь Хятад улсад хамаагүй өлзийтэй юм. Хэрвээ ийм зүйл тохиолдвол нэгдсэн Солонгос улсын нутаг дэвсгэр дээр америкийн усанд шумбагч онгоцуудын бааз бий болж томоохон хэмжээний цэргийн анги нэгтгэл байрлах болно.