Орос улсад авилгатай тэмцэх шинэ арга барилуудыг эрэлхийлж байна. “Нэгдсэн Орос” намаас Төрийн думд сонгогдсон депутат Илья Костунов эдийн засгийн гэмт хэргээр шийтгэгдсэн хүмүүст тавих санхүүгийн хяналтын тухай хуулийн төслийг бэлтгэжээ. Хууль тогтоомжийн санал санаачилганы дагуу эдийн засгийн гэмт хэргээр шийтгүүлсэн хүн таван жилийн хугацаанд санхүү бүртгэлийн нарийн хяналтан дор байх ёстой.

Хэрвээ авилгалчийн юм уу, түүний төрөл садангийн хэн нэгэнд эх үүсвэр нь тодорхойгүй хувийн өмч юм уу, аль эсвэл ашиг орлого илэрвэл өмч болон хөрөнгийг шүүхээр дамжуулан өмнө учруулсан хохиролд нөхөн төлбөр болгох ёстой. Энэ нь гэмт хэрэгтэнүүдийг ялаа эдэлсний дараа буруу замаар олсон хөрөнгөө ашиглах боломжийг арилгаж буй юм.

Одоо энэ хуулийн төслийг судлан үзэж байна. Орос улсын Мөрдөн байцаах газар, ДХЯ, Ерөнхий прокурорын газар, Холбооны аюулгүй байдлын алба, Дээд шүүх болон шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх газрын мэргэжилтэнүүд энэхүү санаачилгыг нарийн чанд судлан үзэж, өөрийн дүгнэлтүүдийг өгч, өөрчлөлт оруулах ёстой.

Энэхүү асуудал нь тун эгзэгтэй асуудал. Нэг талаас ялаа эдэлж дууссан, хүн хуулийн өмнө цэвэр ариун болж байгаа. Нөгөө талаас Орос улсын Мөрдөн байцаах газрын гаргасан тоо баримтаар, 2012 оны эхний 9 сард л гэхэд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийгэмд 7,9 тэрбум рублийн /263 сая долл./ хохирол учруулсан бөгөөд тэдгээрийн дөнгөж 1,3 тэрбум рубль /43 сая долл./ төлөгдсөн байна. Энэ нь гэмт хэргийн замаар олсон нилээд хөрөнгийг илрүүлээгүй үлдээсэн байх бөгөөд луйварчид тэдгээрийг ял эдлэснийхээ дараа ашиглаж болзошгүй юм.

Луйварчид болон авилгачдын улсад учруулсан хохиролыг барагдуулахын тулд тэдний зарлагуудыг хянах ёстой. Эрүүгийн хуульд өмч хөрөнгийг хурааж авах шийтгэлийг буцаан оруулах шаардлагатай байна гэж Төрийн думын депутат асан Александр Гуров тэмдэглээд

«Зөвлөлтийн цаг үед социалист өмчийг завшигчид мөнгө хөрөнгө хуримтлуулах, үл хөдлөх өмч худалдан авч байсан гэдгийг шинжээч сануулж байна. Тэд шоронд суухаас айдаггүй байсан. Тэд өмч хөрөнгөө хураалгахаас айдаг байсан. Тэдний буруу замаар олсон бүх зүйлийн хэсгийг л хурааж байжээ.

Одоо шийтгэлийн нэмэлт өөрчлөлт болгож өмч хөрөнгө хураах тухай хууль хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгтэнийг яллахын хамт түүний өмч хагас байна уу, бүхэлдээ байна уу хамааралгүйгээр бүгдийг нь хураана. Гэхдээ ийм шийтгэлийг эдийн засгийн бүх төрлийн гэмт хэрэгт хэрэгжүүлэх хэрэггүй юм. Харин хүнд болон онцгой хүнд хэргүүд дээр хэрэгжүүлэх ёстой» гэлээ.

Одоо үед өмчийг хураах шийтгэл нь нэмэлт шийтгэлийн хувиар Беларус, Болгар, Дани, Хятад, Монгол, Тажикистан, Франц болон бусад нилээд хэдэн орнуудын хууль тогтоомжинд тусгалаа олсон байна. Италид албан ёсны орлогод нь нийцэхгүй байгаа хөрөнгийг эрүүгийн хэрэг үүсгэлгүйгээр шууд хураах боломжтой . Ингэхдээ хуулийн өмнө энэхүү хөрөнгө нь түүний хөрөнгө мөн гэдийг эзэн нь батлах үүрэгтэй.

Орос улсад өнөөдөр хэрвээ тухайн өмч юм уу, санхүүгийн хэрэгсэлүүдийг хууль бусаар олж авсан буюу уг зүйлүүдийг эзэмших эрхгүй бол шүүхийн тогтоолоор хөрөнгийг хураах боломжтой юм.