Хэрвээ Пакистан улс Иран улстай хамтран хий дамжуулах хоолой барих төслөөсөө татгалзахгүй бол АНУ тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах болно. АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн шуурхай хурал дээр ингэж мэдэгдсэн байна. Иран, Пакистан улсуудын ерөнхийлөгчид Махмуд Ахмадинежад, Асиф Али Зардари нар өчигдөр хийн хоолойн пакистаны салааны барилгын ажлыг албан ёсоор нээсэн байна. 1,5 тэрбум долларын өртөгтэй энэ төслийн дагуу ираны хийг эрчим хүчний дутагдалтай байгаа пакистаны хэрэглэгчидэд хүргэх ёстой юм.

Энэ төсөл нь Тегераны эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээг зөрчиж байна гэж урьд нь төрийн департамент сануулсаар байтал хоёр ерөнхийлөгчийн гараа чанга атгалцаж байгаа зургийг Иран улсын телевизийн сувгууд шууд үзүүлсэн байна. Вашингтон энэ төслөөс татгалзах шаардлагатай гэдэгт Исламабадыг итгүүлхийг удаа дараа оролдож эрчим хүчний хэрэглээг хангах ижил төсөөтэй хувилбаруудыг санал болгож байсан гэж Нуланд мэдэгдсэн байна. Харин Иран, Пакистан удлсуудын хооронд хий дамжуулах гол хоолойг тавьж амьдралд хэрэгжүүлнэ гэдэгт АНУ ихэд эргэлзэж байгаа юм. “Тэд энэ хийн хоолойн тухай 10, 15-н удаа зарлаж байгаа. Тэднийг юу хийж чадахыг харж л байя гэж” төрийн департаментийн төлөөлөгч ёжтойхон мэдэгдсэн байна.