Өчигдөр Брюссельд уулзсан ЕХ-ны улсуудын ГХЯ-дын тэргүүнүүд Сири улсад зэвсэг нийлүүлэхэд тавьсан хоригийг цуцлах тухай асуудлаар санал хуваагдлаа. Сири улсын хоёр жилийн хямралыг зөвхөн улс төрийн аргаар л шийдвэрлэх ёстой гэж НҮБ болон АОЛ-ийн сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахими мэдэгдсэн байна.

“Байлдааны аргаар шийдвэрлэх асуудлыг огт хэлэлцэхгүй байгаа. Энхийн шийдэл олох бүх боломжийг олооч гэж гуйхаар би энд ирээд байна. Сирийн хямралыг энхийн аргаар шийдэхээс өөр зам байхгүй гэдэгт би итгэлтэй байна гэж” Брахими уулзалтын дараа мэдэгдснийг Франс Пресс агентлаг иш татан уламжилсан байна.

Хямралаас болоод Сири улсад 70 мянга орчим хүн амь насаа алдаж, бараг 1 сая хүн эх орноосоо аргагүйн эрхэнд дүрвээд байна. “Хүчирхийллийг зогсоож цаашдын улс төрийн зохицуулалтын арга замыг олох нь хамгийн сайн зам мөн гэж” ЕХ-ны Гадаад бодлогын байгууллагын тэргүүн Кэтрин Эштон мэдэгджээ.

Башар Асадын дэглэмийг түлхэн унагаахыг эрмэлзэж байгаа сирийн сөрөг хүчинд цэргийн тусламж үзүүлэх эсэх талаар ЕХ-ны орнуудын ГХЯ-дын тэргүүнүүд маргаан үүсгэсэн байна. Британи, Франц, Итал улсууд Сири улсад зэвсэг нийлүүлэх хоригыг цуцлахын төлөө байгаагаа мэдэгдсэн байна. Харин Герман, Швед болон бусад улсууд энэ нь дэндүү эрсдэлтэй алхам болно гэж үзсэн гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна.