БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ыных байх магадлалтай хэдэн зуун сая долларын хэд хэдэн дансыг хятадын банкуудад АНУ болон Өмнөд Солонгос улсын тагнуулууд илэрүүлсэн байна. Вашингтон, Сөүл хоёр эдгээр цуглуулсан баримт бичгүүдээ Хятад улсын төр засагт дамжуулан, НҮБ-ын АЗ-ийн саяханы тогтоолын дагуу эдгээр дансуудыг хаахыг санал болгосон гэж сөүлийн “Чосон ильбо” сонинд өнөөдөр бичсэн байна. Эдгээр баримт бичгүүдэд Бээжин нааштай бус хандсан байна гэж тус сонин бичжээ. Америк, өмнөд солонгосын тагнуулын албаныхан тэдний мэдээлэлээр огт байхгүй хүний нэр дээр буюу хуурамч нэр дээр нээсэн дансуудыг илэрүүлэх болон шалгахад хэдэн жил зарцуулжээ. Харин одоо тэд энэ их мөнгө умард солонгосын удирдагчид хамааралтай гэдгийг батлах баримттай болсон байна. Энэ мэдээллийг албан ёсоор баталсан буюу үгүйсгэсэн мэдээлэл одоохондоо байхгүй байна гэж ИТАР-ТАСС мэдээлсэн байна. Пхеньян 2-р сард цөмийн туршилт хийсний хариуд өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын АЗ БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангаруулах тогтоол баталсан юм. Энэ баримт бичигт БНАСАУ-д их хэмжээний бэлэн мөнгө дамжуулах болон банкны шилжүүлэг хийхгүй байхыг НҮБ-ын гишүүн улсуудаас шаардсан юм. Мөн АЗ умард солонгосын банкуудын салбаруудыг нээх болон санхүүгийн хамтарсан компани байгуулах ажиллагааг таслан зогсоохыг даалгасан байна. Эдгээр үйл ажиллагаа нь БНАСАУ-ын пуужинт, цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд туслах болно гэж олон улсын хамтын нийгэмлэг болгоомжилж байгаа юм.