Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид та бүхний сонирохсон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25, радио “Оросын дуу хоолой”, Монгол хэлний редакцид гэж хаяглаж ирүүлнэ үү?

Гуравдугаар сар гарлаа. Гадаа жавартай хүйтэн байгаа ч гэсэн, агаарт хаврын уур амьсгал орож буй нь мэдрэгдэх боллоо. Нарны хурц туяа хэн бүхний сэтгэлийг баясгаж, хөгжилтэй сэтгэлийн хөдлөлүүдээр цэнэглэнэ. Харин бид бүгдийг та бүхний захидал баярлуулна.

Бид нэвтрүүлгээ Сүхбаатар аймгийн Доосүрэнгийн Эрдэнэбатын хүсэлтээр эхлүүлж байна. Тэр захидалдаа, Сайн байцгаана уу? Та бүхний амар амгаланг айлтгаж, энэм өдрийн мэндийг дэвшүүлье! Би бага наснаасаа танай радио нэвтрүүлгүүдийг сонсож ирсэн. Надад “манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг их таалагддаг. Хэдэн жилийн дараа энэ нэвтрүүлгийг сэргээх болсонд туйлын баяртай байна. Энэ булан миний захидлаар эхлэвэл бүр ч их баяртай байх болно. Би эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Сүхбаатар суманд амьдардаг. Бид танай нэвтрүүлгийг гэр бүлээрээ сонсдог. Бид олон ашиг тустай, сонирхолтой зүйлийг олж мэддэг. Энэ жилийн өвөл өнтэй байлаа. Манай аймгийн нутагт одоо хирнээ нилээд хүйтэн байна. Миний ахыг Доосүрэнгийн Мөнхбат гэдэг. Ах маань энэ жилийн Сар шинийн баяраар “Мянгат малчин” цол, өргөмжлөл хүртсэн. Би түүндээ дахин баяр хүргэхийг хүсч байна. Би өөрөө олон жил машин барьж байна. Байгаль орчинд хоргүй экологийн машины тухай ярьж өгнө үү? Та бүхэнд амжилт хүсье! “гэжээ.

Эрхэм хүндэт Эрдэнэбат аа! Бид таны асуултанд хариулъя. Одоогийн байдлаар экологийн хэд хэдэн төрлийн машин бий болоод байна. Ердийн машинаас ялгаатай нь орчин тойронд сөрөг нөлөө арай бага үзүүлдэг. Тэдгээрүүдэд байгалийн хийгээр ажилладаг автомашинууд байгаа бөгөөд худалдан авагчдын сонирхолыг эдийн засгийн ашигтай байдлаараа татаж байна. Түүнчлэн цахилгаанаас юм уу, аль эсвэл нарны цэнэгээр ажилладаг цахилгаан хөдөлгүүртэй цахилгаан машинууд байдаг. Үүнээс гадна сонгодог хөдөлгүүр, цахилгаан хөдөлгүүр хоёрын дундаас гаргасан машин гэж бас бий. Устөрөгч юм уу, агаарын даралтаар ажилладаг машин байдаг. Экологийн автомашинуудыг бүтээхэд европын бүх томоохон автомашин үйлдвэрлэгчид Peugeot, Audi болон Ferrari ажиллаж байна. Хятадын компаниуд “ногоон авто” шугамыг байгуулахын тулд маш их хөрөнгө хаяж байна. Орос улсын Автоваз компани эдийн засгийн хэмнэлттэй экологийн “Электокар” машиныг ЛАДА машины суурин дээр бүтээхээр ажиллаж байна. Автомашин үйлдвэрлэгчид өөр хоорондоо орчинд аль болох бага сөрөг нөлөө үзүүлэх техникийг бүтээхийн тулд өрсөлдөж байна. Санхүүгийн томоохон олон компаниуд экологийн автомашин үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд өөрийн ажилтануудад ийм төрлийн автомашиныг худалдаж авах юм уу, ийм худалдаа хийхэд нь зээл олгож байна.

Харин одоо Д.Эрдэнэбатын ах Д.Мөнхбатад зориулж ая дууны мэндчилгээ хүргэх гэж байна. Бид Олег Газмановын дуулсан “Ясные дни” \Цэлмэг өдрүүд “\ дууг бид Мөнхбатад зориулж байна. Хүлээн авч сонсоно уу.

Монгол улсад оросын уран зохиолыг амтархан уншдаг. Тиймээс манай сонсогч дархан хотын оршин суугч Д. Цэцэгмаагийн ирүүлсэн захидлыг уншихад таатай байсан.

Цэцэгмаа захидалдаа “Би оросын зохиолчдын ном зохиолд дуртай. Үндсэндээ сонгодог зохиолуудыг илүүтэй сонирхолдог. Гадаа хийх ажил багасдаг тул, өвөл ихэнхи цагаа ном уншиж өнгөрөөдөг. Харамсалтай нь Монголд ном унших нь хүн цөөрч байна. Орос улсад яаж байгаа тухай мэдмээр байна. Ямар зохиолчдын, ямар номыг уншиж байгаа тухай ярьж өгнө үү?” гэж Цэцэгмаа бичжээ.

Н:Эрхэм Цэцэгмаа, захидал бичиж ирүүлсэнд баярлалаа. Судалгаанаас үзэхэд, өнөөдрийн байдлаар Орос улс ном уншдагаараа дэлхийд долдугаарт явж байна. Нэг талаас орос улсын насанд хүрэгчид их уншдаг. Тэд сонгодог болон орчин үеийн уран зохиолыг уншдаг, ингэхдээ уламжлалт хэвлэлийн хэлбэрийг төдийгүй цахим техникийг өргөн хэрэглэж байна. Нөгөө талаас өсвөр үеийнхэн нь хэвлэл мэдээллийн асар их зугаануудын улмаас ном унших цаг багатай байна. Нэгэн интернет сайтын явуулсан санал асуулгын дүнгээр одоо хамгийн дэлгэрсэн хэлбэр бол зөгнөлт зохиол байгаа юм. Түүнчлэн оросын иргэд оросын, дэлхийн сонгодог зохиолууд болон түүхэн роман, адал явдалт зохиол уншиж байна. Харин орчин үеийн үргэлжилсэн үг ийн зохиолууд болон хайр дурлалын романуудыг төдийлөн сонирхохоо больсон юм.

Одоо Цэцэгмаа танд зориулж Алла Пугачёвагийн дуулсан “Непогода” дууг сонсгоё.

Бид цахим шуудангаар Улаанабаатарын Эрдэнэсувдын захидлыг авсан. Тэр захидалдаа ийн бичжээ.

“Би танай радиог Интернтээр сонсдог. Ялангуяа, монгол, орос болон хятад хэлний нэвтрүүлгүүдийг сонсдог. Би өөрөө “Монголын дуу хоолой” радиогийн хятад хэлний нэвтрүүлгийн редакцид ажилладаг. Тиймээс би дэлхий дахинд болж байгаа үйл явдлуудыг анхааралтай ажиглаж, олон улсын радиостанцуудыг сонсдог юм. “Оросын дуу хоолой” радиогийн сайтан дээрээс танай сонсогчдын 60 хувь Орос улсад болж байгаа үйл явдлуудыг сонирходог болон 50 хувь нь уламжлал ёс заншлын тухай унших дуртай гэж бичсэнийг уншлаа. Түүнчлэн ийм пропорциор “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчид Монголын тухай мэдээлэл болон ёс заншлын тухай материалуудыг сонсох дуртай гэжээ. Та бүхэн сонсогчдын захидалд хариу өгч байгаа явдал тун чухал. Одоо олон монголчуудад орчин үед оросын иргэд хэрхэн аж төрж байгаа тухай ярьвал сонирхолтой байх болно. Харин Монголын тухайд гэвэл, манай улсын чухам юуг оросын иргэд сонирхож байна ? Энэ бас сонин. Та бүхэнд амжилт хүсье !” гэжээ.

Эрдэнэсувдаа, бидэнд анхны захидлаа илгээсэн танд баярлалаа. Бидний бэлтгэдэг материалуудыг мэргэжил нэгт нөхөр маань үнэлсэнд бид дахин талархаснаа илэрхийлье. Оросын дийлэнхи иргэдийн хувьд Монгол орон нь зах хязгааргүй тал нутаг, хурц нар болон хөх тэнгэрийн орон юм. Орчин үеийн Монгол улсын улс төрийн болон соёлын амьдралын тухай оросын дунд статистикийн иргэн төдийлөн юм мэдэхгүй. Гэхдээ Монгол улсын сүүлийн жилүүдийн эдийн засгийн ололтууд танай улсын тухай төсөөллийг байнга өөрчилж байдаг. Манай улсад танай улсыг сонирхож байгаа, монгол хэл сурах сонирхолтой залуучуудын тоо улам олширч байна. Орос монголын аялал жуулчлалын салбар хөгжиж харилцаа нь оросын иргэдэд Монгол улсын тухай илүү мэдэлэг өгөх боломжтой юм. Үүнд багагүй үүрэг “Оросын дуу хоолой” радио гүйцэтгэж ирсэн. Танай орос хэлний редакцийн бэлтгэсэн сонирхолтой материалууд нь сонсогчид болон сайтын уншигчдын тоог улам нэмэгдүүлж байна. Цаашид энэхүү сонирхол нь улам өсч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэн “Манай шудангийн хайрцаг” нэвтрүүлгийг сонсож байна. Дараагийн захидлыг бидэнд Баянхонгор аймгаас Дэлбээ бичжээ.

Тэр захидалдаа: “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэгт захидал бичихээр шийдлээ. Юуны өмнө танай нэвтрүүлгээр дамжуулан өөрийн гэр бүлийнхэнд болон миний найз нөхдүүдэд мэнд уламжлахыг хүсье. Бид найз нартайгаа олонтоо ууулзаж хамтдаа цагаа зугаатай өнгөрүүлдэг. Ингэхдээ бид орос дуу сонсох дуртай. Бидний дуулах дуртай дууны нэг бол “Надежда” дуу юм. Энэ дууны тухай товчхон ярьж өгөхийг хүсье”гэжээ.

Дэлбээ, бидэнд захидал бичсэнд талархлаа илэрхийлье. “Надежда” дуунд монголчууд их дуртай гэж ярьдаг. Энэ дууг зөвлөлт, оросын нэртэй хөгжмийн зохиолч Александра Пахмутова 1971 онд бичсэн. Тэр 400 гаруй дуу зохиосон. Түүний нөхөр зөвлөлт, оросын нэрт дууны шүлэгч, яруу найрагч Николай Добронравов юм. Эхний үед энэ дууг дуулахыг нэрт дуучин Иосиф Кобзонд санал болгожээ. Харин түүнийг татгалзсаны дараа дууны ноот болон шүлгийг Польш руу нэрт дуучин Анна Германд илгээжээ. Тэр дуучин бүсгүй энэ дууг анх удаа дуулж, дэлхийн олон орны тайзан дээр амилуулсан. Чухамдаа Анна Германы концертыг үзэх гэж, “Надежда” дууг сонсох хүсэлтэй үзэгчид концертын тасалбарыг олж авах гэж олон зуун хүний дараалалд зогсож байсан.

Энэхүү дуу нь янз бүрийн насны болон янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүсийн дунд алдартай байсан. “Надежда” /“Итгэл найдвар”/ жинхэнэ сахиусан тэнгэр болж, энэ дууг нислэг бүрийн өмнө сонсдог байсан.

Одоо та бүхэнд Анна Германы дуулсан “Надежда “ дууг сонсгоё.

Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Та бүхэн манай нэвтрүүлгээр юу сонсох, ямар дуу хөгжмийн мэндчилгээ хүсч байгаагаа бидэнд манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25, «ОДХ» радио, Монгол хэлний редакцид гэж хаяглаж ирүүлнэ үү? Дараа дахин уулзатлаа баяртай.