Латин Америкийн цогтой улс төрч, Венесуэл улсын ерөнхийлөгч Уго Чавесын үхэл өнгөрсөн долоо хоногийг сааралтууллаа. Ийнхүү “Улаан Уго” “21-р зууны социализмыг” Венесуэл улсад байгуулж чадсангүй... Хоёр жилийн хүнд өвчин, хэд хэдэн мэс заслын дараа 3-р сарын 5-ны орой Каракас хотын цэргийн эмнэлэгт тэрээр таалал төгслөө. Салах ёс гүйцэтгэх ёслолыг 3-р сарын 17 хүртэл сунгасан байна. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль Венесуэл улсад 4-р сарын 14-нд болно. Үндэсний сонгуулийн зөвлөл ингэж мэдээлсэн байна. Нэр дэвшигчээ дэвшүүлэхэд ердөө хоёрхон өдөр буюу 3-р сарын 10,11-ний өдрүүдийг товлосон байна. Сонгуулийн өмнөх кампанит ажил маш богино хугацаанд 4-р сарын 2-11-ний хооронд явагдах юм байна. Ерөнхийлөгчид хоёр хүн нэр дэвшинэ. Тэдний нэг нь Чавес өнгөрсөн оны 12-р сарын 8-нд өөрийн залгамжлагч гэж зарласан одоогийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро юм. Венесуэлийн сөрөг хүчин Миранда мужийн амбан захирагч Энрике Каприлесийг өөрийн нэр дэвшигчээр дэвшүүллээ.

Бөмбөрцгийн хоёр талын улсуудын улс төрчдийн сэтгэлийг одоо Угогийн оронд хэн гарх вэ?, шинэ төр засгаас юу хүлээх вэ? гэсэн гол асуулт зовоож байна. Хэрвээ нефтийн нөөцөөрөө Саудын Аравтай тэнцүү бүр илүү ч байх магадлалтай улсын тухай ярьж байгаа гэдгийг тооцож үзвэл энэ асуулт үнэхээр сэтгэл зовоохгүй байхын аргагүй юм. Тус улсыг дэд ерөнхийлөгч Николас Мадуро одоо түр удирдаж байна. Уго Чавес Венесуэл улсыг тодорхой бус байдалд үлдээсэн гэж хэлж болохгүй юм. Бараг 14 жил удирдахдаа тэрээр хагас гуйланчлалын байдалд байсан орныг нийгмийн хувьд тогтвортой улс болгосон юм. Нефтийн худалдаанаас олсон асар их хөрөнгийг орон сууц, эмнэлэг, сургууль барихад болон үнэ тогтворжуулах, фермерүүдэд болон ядуу зүдүү хүмүүст тусламж үзүүлэхэд зориулж байсан юм. Уго Чавесийн үед Венесуэлд нэг литр А-95 бензин АНУ-ын 2 цент байсан юм. Ийм учраас түүний ар талд энгийн иргэдийн ихэнх нь уул мэт баттай зогсож байсан юм.

Энэ нь Николас Мадурогийн хувьд сонгогчдын найдвартай бат бэх бааз юм. Ойрын үед Венесуэл улсад улс төрийн донсолгоо болохгүй гэдэгт оросын Латин Америкийн хүрээлэнгийн орлогч захирал Борис Мартынов итгэлтэй байна: «Чавес хангалттай хэмжээний өөрийн талыхныгаа үлдээсэн билээ.Түүний талынхан тус улсад төрийн эрхийг гартаа үлдээж чадах бололтой. Одоо дотоодын улс төрийн бодлогод Чавесын талынхан давамгайлж байна. Ойрын жилүүдэд сөрөг хүчнийхэн ялалт байгуулах нь юу л бол.. Гэхдээ тэд бас хүчээ мэдрээд байгаа.Тэд өөрийн нэгдсэн нэр дэвшигчтэй юм. Чавесыг тэнгэрт хальсны дараа ямар нэгэн эрс өөрчлөлт болно гэж ярихад арай эрт байна. Ойрын хэдэн жилийн туршид байдал хангалттай тогтвортой байх магадлал өндөр байна» гэж тэр ярилаа.

Сонгуульд Николас Мадуро ялна гэдэгт оросын “Латин Америк” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Владимир Травкин итгэлтэй байна: «Чавест тогтвортой сонгогчид байсан юм. Эдгээр сонгогчдын ихэнх нь Николасын төлөө саналаа өгнө. Орос улсын хувьд энэ нь сайн харилцаа хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Чавесын засаглалын үед энэ харилцаа оргил үедээ хүрсэн юм» гэж тэр ярилаа.

Венесуэлийн ерөнхийлөгч Хятад улстай маш нягт харилцаа тогтоож, Москвагийн байнгын зочин байсан юм. Чавес ОУ-тай онцгой харилцаатай байсан юм. Оросын нефть хийн компаниуд Венесуэл улстай нефть хийн орд газруудыг эзэмших болон олборлох талаар олон тэрбум долларын гэрээ байгуулсан юм. Москва Венесуэл улсад эрчим хүчний, химийн, нефть олборлолтын тоног төхөөрөмжүүдийг нийлүүлдэг бөгөөд АЦС барихаар төлөвлөж байна. Үүнээс гадна ОУ Венесуэл улстай зэвсэг, цэргийн техник нийлүүлэх олон тэрбум долларын гэрээ байгуулсан юм. Энэ бүх гэрээнүүдийг хэвээр нь хадгална гэж сөрөг хүчний төлөөлөгчид ч ярьж байгаа юм.

Өнгөрсөн жилийн 10-р сарын 7-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчний нэгдсэн нэр дэвшигч Энрике Каприлес бараг 44%-ийн санал авсан юм. Харин Чавес тэр үед 55%-ийн санал авч ялалт байгуулж байсан юм. Нэг талаас нэгмэл байдлын билиг тэмдэг болсон “улаан Уго”-гүйгээр ялна гэдэг түүний талынханд хэцүү юм. Нөгөө талаас венесуэлчүүдийн “командант Уго”-гийн хойноос гашуудаж байгаа чин сэтгэлийн харамсал тэдэнд туслана. Венесуэл улсын ард түмний сонгосон ямарч удирдагчтай ОУ харилцаагаа нийцүүлэхэд бэлэн байна гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров “Россия-1” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Боливарианын БН улсын улс төрийн үйл явцад бусад улсууд хөндлөнгөөс оролцохгүй гэдэгт итгэлтэй байна гэж тэр бас хэлсэн байна.