Си Зиньпин БНХАУ-ын даргаар сонгогдсныхоо дараагаар юуны түрүүнд Москвад айлчлах тухай өнөөдөр Бээжинд Хятадын ГХ-ийн сайд Ян Зечи хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Бээжинд чуулган хуралдаж байгаа БХАТХ-ын чуулганд оролцогчид Си Зиньпинийг ирэх долоо хоногт БНХАУ-ын даргаар сонгох юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Си Зиньпин нарын уулзалтын өдрийг одоогоор зарлан мэдээлээгүй. Харин БНХАУ-ын дарга 3-р сарын 26,27-нд Өмнөд Африкийн Дурбанд БОЭХӨ бүлгийн дээд хэмжээнд оролцоод африкийн орнуудаар аялах нь тодорхой байна. Си Зиньпин ӨАБНУлс явах замдаа Москвад бууж айлчлах бололтой.

2-р сарын 2 дахь хагаст БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечи Москвад хүрэлцэн ирж, ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай уулзсан юм. Тэр үед дээд хэмжээний уулзалтын бэлтгэл хоёр талын уулзалтын гол сэдэв болсон билээ.

Орос-хятадын харилцан ажиллагаа  нь тайван биш байгаа өнөөгийн дэлхийд зайлшгүй чухал гэж тэр үед Ян Зечи мэдэгджээ. Эдүгээ харилцан ажиллагаа дээд түвшинд гарсан гэж Ян Зечи хэлээд «Ийм нөхцөлд хятад-оросын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой» гэлээ.Өнөөдөр Бээжинд тэрээр хэвлэлийн бага хурал дээр адилхан утга агуулгатай үг хэлэв.

Энэ онд Орос,Хятадын уулзалт бүх хэмжээнд удаа дараа хийгдэнэ гэж Сергей Лавров тэмдэглэв. Бид гадаад улс төрийн хамтын ажиллагааг 60 гаруй чиглэлээр хөгжүүлнэ гэж Лавров хэлээд «Уулзалт ярианы цагийн хуваарь нэлээд шахуу байна. Орос,Хятадын удирдагчид Москвад дээд хэмжээний уулзалт хийхээс гадна олон улсын хэдэн форум, түүний дотор Санкт-Петербургад «хорины» дээд хэмжээний уулзалт, 3-р сарын сүүлээр ӨАБНУлсад БОЭХӨ бүлэг болон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтуудад оролцоно» гэв.

БНХАУ-ын Гаалийн удирдах газрын тоо баримтуудаас харахад 2012 онд Орос Хятадын хоорондын худалдааны эргэлт бараг 11 хувиар өсөн нэмэгдэж, 88 тэрбум 16 сая долларт хүрчээ. Ян Зечийн хэлснээр 2015 он гэхэд бараа таваарын эргэлтийг хоёр дахин, 2020 он гэхэд 3 дахин нэмэгдүүлж болно гэдэгт Орос,Хятадын удирдагчид итгэж байна.