Москва Сири улсын байдлыг нэлэнхүйд нь зохицуулахыг эрмэлзэж, засгийн газар, сөрөг хүчний хоорондын яриа хэлэлцээг эхлүүлэх саналыг дэмжиж байна гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Сөрөг хүчин ерөнхийлөгч Башар Асадтай хэлэлцээ хийхтэй холбогдуулан ямар нэг болзол урьдчилан тавихийг Орос улс оновчтой бус хэрэг хэмээн урьдын адил үзэж байна.

Сирийн ард түмэн л бүх шашин-омгийн эрхийг харгалзан ирээдүйгээ сонгож тодорхойлох ёстой. Орос улс сирийн мөргөлдөөн эхлэснээс хойш ийм байр суурь баримталж ирсэн гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров британийн ВВС телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа тэмдэглэв. Сайдын хэлснээр Москва Башар Асадыг албан тушаалаас нь огцоруулах зорилгоор түүнд нөлөө үзүүлэх гээгүй. Сирийн ард түмэн л энэ тухай шийдвэр гаргах ёстой гэж Лавров хэлээд

«Хүмүүсийн амь насыг аврах нь бидний хувьд гол зорилго болсон. Асад огцрох ёстой гэгчид өөр чиглэлтэй  байх. Тэд хүмуүүсийн амь насыг бодохгүй байгаа бололтой. Бид дэглэм солих бодолгүй байна. Дотоодын мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох ажиллагааг эсэргүүцэж байна. Энэ нь бидний зарчимт байр суурь юм.Сөрөг хүчин ямар ч болзол урьдчилан тавихаас татгалзаж, хэлэлцээ хийх хэрэгтэй гэж байлдан дайтаж байгаа бүх этгээдэд ойлгуулах  ёстой» гэв.

Түүнчлэн сирийн босогчдод зэвсэг нийлүүлэхийг ямар аргаар зогсоох тухай мэдээлвэл Орос улс Сирид зэвсэг нийлүүлэхийг хориглох асуудлыг авч үзэж мэднэ гэж ГХ-ийн сайд мэдэгджээ. Сирийн эрх баригчдаас босогчидтой хийж байгаа тэмцэлд хэрэглэж болох зэвсэг Орос улсаас Сирид нийлүүлэхгүй байгаа гэж Сергей Лавров үүний хамт мэдэгдсэн байна. Москвагаас Дамаскад нийлүүлж байгаа зэвсгийг гадаадын довтолгоог няцаахад л хэрэглэж болно гэж сайд тайлбарлан хэллээ.

2011 оны 3-р сараас хойш Сири улсад мөргөлдөөн үргэлжилж байна. НҮБ-ын тоо баримтуудаас харахад 3-р сар гэхэд хөрш зэргэлдээ орнуудад шилжин суусан сирийн дүрвэгчдийн тоо 1 саяас хэтрэв. Гаднаас дэмжлэг авч байгаа сайн зэвсэглэсэн бүлгүүд эсэргүүцэл үзүүлж байна гэж Сирийн эрх баригчид мэдэгдэж байна. Хөрш орнуудын хил нууцаар давуулсан зэвсэг Сирид шилжиж байна.