Өнөөдөр Кабулын төвд Афганистаны БХЯ-ны байшингийн дэргэд хүчирхэг дэлбэрэлт болов. Амиа золиослогч террорист АНУ-ын шинэ БХ-ын сайд Чак Хейгл айлчилж байгаа үеэр дайралт үйлдсэн тухай Франс Пресс агентлаг албан ёсны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.

Амиа золиослогч террорист Афганистаны БХЯ-ны байшингийн төв хаалганаас 30 метр зайтай бөмбөг дэлбэлсны улмаас энгийн 9 хүн амь үрэгдэж 14 хүн шархадсан тухай БХЯ-ны төлөөлөгч Захир Азими мэдээлэв. Түүний хэлснээр БХЯ-ны ажилтнууд дэлбэрэлтэд нэрвэгдсэнгүй.

Талибан хөдөлгөөн дайралт үйлдэснээ хүлээв. Талибуудын төлөөлөгчдийн хэлснээр дайралт Хейглийн эсрэг чиглэгдсэн аж. Талибууд энэ террорын ажиллагаагаар дайралт хэзээ ч үйлдэж мэдэхээ харуулахыг эрмэлзсэн гэж Франс Пресс агентлаг мэдээлэв. Эдүгээ сайд аюулгүй газарт байна гэж агентлаг тэмдэглэжээ.

АНУ-ын БХ-ын сайд Афганистанд гэнэт хүрэлцэн очсон тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Энэ нь Хейглийн америкийн цэргийн тусгай газрын тэргүүний хувьд Афганистанд хийж буй анхны айлчлал юм. Тэрээр ерөнхийлөгч Хамид Карзай болон олон улсын хүчний командлалтай хэлэлцээ хийнэ.