ОХУ-ын ерөнхийлөгч Влади Путин Венесуэлын дэд ерөнхийлөгч Николас Мадуротай утсаар ярилцаж, тус улсын удирдагч Уго Чавес таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлэв. Шинэ удирдлага эрх барих үед Венесуэл улстай хойшид ч сайн сайхан харилцаатай байх болно гэдэгт найдаж байна гэж Путин хэлжээ.

2000 онд Венесуэлын ерөнхийлөгчтэй биеэчлэн танилцсан. Уго Чавес Орос улсын анд байсан гэж ерөнхийлөгч Владимир Путин саяхны хэвлэлийн бага хурал дээр хэлээд: «Олон улсын үйл хэргийн тухайд гэвэл тэрээр орон бүхэнтэй сайн сайхан найрсаг харилцаатай байхыг эрмэлзэж ирсэн гэж итгэлтэй хэлж болно. Бүх улс оронтой гэдгийг онцломоор байна. Гэвч хайрт Венесуэл улсынхаа ашиг сонирхолыг хохироохгүйгээр харилцахыг бодож байв. Венесуэл улстай тогтоох ирээдуйн харилцааны тухайд гэвэл энэ нь венесуэлын ард тумэн, ирээдүйн ерөнхийлөгч ба удирдлагаас хамаарна. Хоёр талын харилцааг залгамжлан үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна» гэв.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Москватай стратегийн хамтын ажиллагааны харилцааг хэвээр хадгална гэж Мадуро Путинд батлан илэрхийлжээ. Бүгдийн таамагласнаар Николас Мадуро Венесуэлд ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэж оросын шинжээчид үзэж байна. Оросын «Латинская Америка» сэтгүүлийн эрхлэгч Владимир Травкин хэлэхдээ: «Чавес тогтвортой тооны олон сонгогчтой байсан. Одоо тэд Николас Мадурог дэмжих бололтой. Энэ нь Орос улсын хувьд сайн сайхан харилцааг үргэлжлүүлнэ гэсэн уг. Хоёр талын харилцааны хөгжил Чавес ерөнхийлөгч байсан үед дээд цэгт хүрсэн» гэлээ.

Венесуэлын ерөнхийлөгч Уго Чавесыг оршуулах ёслол өнөөдөр үйлдэх байсан хийгээд түүнийг наанадаж долоо хоногоор хойшлуулав. Сая сая венесуэл хүн ерөнхийлөгчээ дурсан хүндэтгэх ёслол үйлдэхийг эрмэлзэж байна гэж Каракаст дэд ерөнхийлөгч, Чавесыг албан ёсоор залгамжлагч Николас Мадуро зарлан мэдээлжээ. Венесуэлын ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаас өмнө болох өдөр хугацааг оршуулгын ёслолын дараа мэдээлэх юм.

Дэлхийн 33 улсын удирдагчид Чавесыг оршуулах ёслолд оролцохоор тус улсад хүрэлцэн очив. Өнөө өглөө Венесуэлд гадаадын төлөөлөгчид салах ёслол албан ёсоор гүйцэтгэнэ.

Венесуэлын эрх баригчид ерөнхийлөгчийн шарилыг занданшуулж, нийслэлийн Цэрэг-түүхийн музейд байрлуулахаар шийдвэрлэв. Музейг мавзолей болгох юм. Эдүгээ Орост Владимир Ленин, Хятадад Мао Зэдун, Вьетнамд Хо Ши Мин, Умард Солонгост Ким Ир Сен, Ким Чен Ир нарын шарилуудыг занданшуулсан байна.