Эдүгээ эмэгтэй, эрэгтэйн мэргэжил гэгчид бараг ялгаагүй болсон юм. Эмэгтэйчүүд цэргийн алба хааж, нисэх онгоц жолоодож, туршигч нисэгчээр ажиллаж байна. ХХ зууны 2 дахь хагасаас тэд сансрыг эзэмшиж байна. Дэлхийн сансар судлалд одоогоор эрэгтэйчүүд давамгайлж байгаа боловч сансрын нислэгийн хагас зуун жилийн түүхэнд 55 эмэгтэй ийн нислэгт оролцсон юм. Тэдний дотор байгаа Валентина Терешкова, Светлана Савицкая, Елена Кондакова нар ЗХУ ба Орос улсын төлөөлөгчид юм.

Эдүгээ туршигч сансрын нисэгч Елена Серова, сансрын нисэгчийн бэлтгэл хийж байгаа Анна Кикина хоёр оросын сансрын нисэгчдийн отрядын бүрэлдэхүүнд орж байна. Сансрын нислэгийн бэлтгэлийн нөхцөл бүгдэд эрэгтэйд ч эмэгтэйд ч адилхан байна гэж Нислэгийг удирдах төвийн сансрын нисэгчдийг бэлтгэх хэлтсийн дарга Алексей Темеров хэлээд: «Бүх шаардлага адилхан байна. Эмэгтэйд хөнгөлөлт олгохгүй. Зөвхөн биеийн бэлтгэлийн шаардлагыг бага зэрэг зөөлрүүлж болно. Тэд янз бүрийн шалгалт, шүүлэг эрэгтэйчүүдийн адил өгдөг» гэв.

Гэсэн ч эмэгтэй тойрог замд ажиллах асуудлаар маргаан үргэлжлэсээр байна. Эмэгтэй сансарт ажиллах явдал эрүүл мэндэд нь зохисгүй нөлөөлж мэднэ гэж олонхи шинжээч сэтгэл түгшин мэдээлж байна. Эмэгтэй сансарт заавал байж ажиллах ёстой гэж еер хэсэг нь үзэж байна. Эмэгтэй сансарт олон зорилтыг эрэгтэйгээс илүү сайн биелүүлнэ гэж Оросын ШУА-ийн Анагаах ухаан-биололгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Вадим Гущин үзэж байна: «Эрэгтэй эмэгтэйн өөрөөр хэлвэл тодорхой хүний хүчит талыг ашиглах хэрэгтэй. Хамгийн гол нь багийн гишүүн бүр чухам юугаар ашиг тустай болохыг нарийн тодорхойлох хэрэгтэй» гэв.

Удахгүй эмэгтэй сансрын жуулчин болж мэднэ. Нэрд гарсан дуучин Сара Брайтман бусдаас түрүүн сансарт аялаж болзошгүй. Тэрээр өнгөрсөн онд эмнэлгийн комиссын хатуу шалгалтыг давсан хийгээд 2014 онд сургуулилж эхлэх бодолтой байна. Тэрбумтан Деннис Тито 2018 онд эхнэр нөхөр хоёрыг сансрын хөлгөөр Ангараг гариг руу явуулах төлөвлөгөөтэй байна. 48 настай туршигч эрдэмтэн Табер Маккаллум, түүний 50 настай гэргий Жейн Пойнтер нар ийн нислэг хийх бололтой.