БНАСАУ-д ногдуулах хориг бүхий НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төслийг Орос улс дэмжинэ гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. Түүнчлэн Хятадын байнгын төлөөлөгч Ли Баодун, Өмнөд Солонгосынх Ким Сук нар баримт бичгийн агуулгад сэтгэл ханамжтай байгаагаа өчигдөр НҮБ-ын АЗ-д зөвлөлдөөн хийсний дараагаар мэдэгджээ. НҮБ-ын АЗ-ийн гишүүн бүх 15 улс тогтоолыг дэмжих бололтой.

АНУ тогтоолын төслөөр пүрэв гаригт санал хураахыг санаачлав. 3-р сард НҮБ-ын АЗ-ийг даргалж байгаа ОХУ тус улсын байр суурийг дэмжив. Учир нь тогтоолын төсөл БНАСАУ-ын цөмийн туршилтад зохих хариу өгсөн байна. Энэ нь баримт бичиг дээр ажиллаж эхлэснээс хойш Москвагийн баримталж ирсэн байр сууринд нийцэж байна. Тогтоолын төсөл бол Вашингтон, Бээжин хоёрын харилцан найр тавьсаны үр дүн юм гэж Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн Солонгосын хөтөлбөрийн төвийн шинжээч Георгий Толорая үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«АНУ Умард Солонгост хүчтэй шахалт үзүүлж, хоригийг чангатгахын төлөө байна. Ийм шахалтыг хойгийн байдлыг хурцатгах, БНАСАУ-ыг шинэ өдөөн хатгалгад тухирах, Пхеньяний дэглэмийг бусниулах хор холбогдолтой болгохоос сэрэмжлэхийг Хятад улс оролдсон» гэв.

Талууд тэнцвэртэй байр суурийг баримтлав. Үүний хамт пуужин-цөмийн үйл ажиллагааг нь хориглосон НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчиж үл болохыг БНАСАУ-д тов тодорхой мэдүүлсэн юм. Иймээс Москва энэ баримт бичгийг дэмжих гэж байна гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Нэг талаас цөмийн зэвсгийн тархалт болон НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг үргэлж зөрчих хэрэг явдал НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн цөмийн зэвсэгтэй гүрэн улсын хувьд ОХУ-д зохисгүй уршигтай. Нөгөө талаас хил орчмын тогтонги байдал Орос улсад чухал» гэв.

Тогтоолын төсөл зургаан талт хэлэлцээний ууд хаалгыг нээлттэй байлгана. БНХАУ, АНУ, ОХУ, Япон, хоёр Солонгос улсууд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй статустай болгохын тулд мөн хэлэлцээ хийж байна. НҮБ-ын АЗ-өөс хиймэл дагуул бүхий баллистик пуужингий нь хөөргөлтийг эсэргүүцэж хэлэлцээнээс гарна гэж урьд Пхеньян мэдэгдсэн билээ. Харин Москва, Бээжин хоёр зургаан талт хэлэлцээг нэн даруй сэргээхийг шаардаж байна. Вашингтон, Сөүл хоёр ч мөн шаардлагыг дэмжиж байна. Энэ нь нийтийн байр суурь тогтоолын төсөлд тусгалаа олоход туслав.

Тогтоолыг батласнаас хойш БНАСАУ НҮБ-ын хамгийн хатуу хоригт хамрагдах улс болно. Түүнчлэн НҮБ-аас Умард Солонгосын дипломат ажилтнуудад анх удаа хориг ногдуулж болзошгүй. Түүнээс гадна олон улсын хорионд хамрагдах хувь хүн, байгууллагуудын цэсийг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал пуужингийн технологи солилцохыг хориглох юм. Түүнчлэн БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрт туслахаас сэрэмжлэх зорилгоор банкны үйл ажиллагаа, бэлэн хөрөнгө мөнгө хууль бус гуйвуулахыг хориглох юм.